Шатарчид шилдгээ шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-17 00:12:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор болсон тус тэмцээнд нийт 15 сумаас шалгарсан 44 эрэгтэй, 14 эмэгтэй шатарчин өрсөлдөн аймгийн аваргаа шалгаруулж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзнээ тодруулсан байна.

Энэхүү тэмцээн нь аймгийн ИТХ-аас “Аймгаараа шатарчин болох хөдөлгөөн” өрнүүлж оюуны спортыг дэмжин хөгжүүлэх бодлогыг гаргаж буй цаг үетэй давхцаж байгааг аймгийн Засаг дарга, Шатрын холбооны тэргүүн Г.Батжаргал тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ онцолж байв. 

Тэмцээний эрэгтэй төрөлд Ягааны Болдбаатар /Баянхонгор сум/ түрүүлж, Дамдиагийн Төмөрсүх /Баян-Өндөр сум/, Даваадоржийн Амгаланбаатар /Баянхонгор сум/ нар удаалжээ. Харин эмэгтэй төрөлд тэргүүн байрт Дуламжавын Азжаргал /Баянбулаг сум/ шалгарсан бол дэд байр Давхарбаярын Долгорсүрэн /Заг сум/, гутгаар байрт Сономдэндэвийн Цэцгээ /Баянцагаан сум/ тус тус шалгарсан байна.

Энэхүү тэмцээнийг аймгийн ИТХ, Шатрын холбоо, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулжээ. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс ийнхүү тодорсон шатарчдыг ирэх сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах бөгөөд медаль хүртсэн шатарчид Шатрын спортын Дэд мастер цол, тусгай /4-9 дүгээр/ байр эзэлсэн шатарчид шагналтай байх аж.

Холбоотой мэдээ