Атрын 60 жилийн ойг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-13 23:19:19

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газрыг эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярыг Улаангом хотноо өнөөдөр тэмдэглэж байна.

Бүтэн жарны туршид газар тариалангийн салбарт ажиллаж, нутгийн зон олныг хүнсний бүтээгдэхүүнээр хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж буй үе үеийн тариаланчид, механикжуулагчид, ажилчид болон аймгийн удирдлагууд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд энэ өглөө цэцэг өргөснөөр баярын үйл ажиллагаа эхэлсэн юм.

Увс аймгийн ажилсаг, хөдөлмөрч тариаланчид маань сүүлийн 20 гаруй жил аваагүй арвин ургацыг энэ жил хураан авч, үр тарианы салбарт сэргэлтийн үе эхлээд байна. Түүх сөхвөл 1993 онд 27,9 мянган тонн үр тариа хураан авч байсан бол 26 жилийн дараа Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойгоор 26,2 мянган тонн үр тариа буюу аймгийн хэрэгцээний гурил, гурилан бүтээгдэхүүнийг 100 гаруй хувиар хангах хэмжээний ургац хураасан амжилтаар тариаланчид маань тэгш ойгоо тэмдэглэж байна.

Хүнс ногооны үйлдвэрлэлд 38 иргэн аж ахуйн нэгж улсын хэмжээний хүнсний ногооны үрийн хэрэгцээний 95 хувийг хангаж байгаа нь өндөр амжилт юм. Мөн жимс, жимсгэнэ эрхлэгчид энэ жил 669,6 га талбайд тариалалт хийж 950 тн ургац хураан авчээ.

Холбоотой мэдээ