Баян-Өлгий, Ховд аймаг "Багш солилцоо" хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-12 11:30:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Баастын нэрэмжит Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори хоёрдугаар сургуулийн багш нар "Багш солилцоо" хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн лаборатори нэгдүгээр сургуульд ажиллаж байна.

Баян-Өлгийн багш нарын хувьд Ховд хотод энэ сарын есний өдөр очжээ. Тэрбээр лаборатори нэгдүгээр сургуулийн багш нарын арга туршлагаас суралцаж байгаа аж. Түүнчлэн хичээл заах, анги даах, хичээлээс гадуурх ажлуудыг удирдах зэргээр энэ долоо хоногийг дуустал ажиллана.

Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар бүрэн дунд сургууль нь БСШУС-ын сайдын 2018 оны 830 тоот тушаалаар салбарын яамны харьяа лаборатори сургууль болж, казах хүүхдэд монгол хэл сургах арга зүйн шинэчлэл хийх, аргачлал судлах, турших чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тус зорилтын хүрээнд Ховд аймгийн лаборатори нэгдүгээр сургуультай өнгөрсөн 11 дүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж, багш солилцох ажлыг хэрэгжүүлж байна. 

Ташрамд дурдахад, энэ өдрүүдэд Ховд аймгийн лаборатори нэгдүгээр сургуулиас ч таван багш ирж, Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар бүрэн дунд сургууль дээр туршлага судалж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ