“Хөрш орноосоо суралцья” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-12-11 11:05:35

Дорноговь /МОНЦАМЭ/. Боловсролын салбарыг хөгжүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан “Хөрш орноосоо суралцья” дэд хөтөлбөрийн дагуу Дорноговь аймаг ОХУ болон БНХАУ-ын боловсролын салбартай хамтран ажиллаж байна.

ОХУ-ын Эрхүү хотын сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээний дагуу 2019-2020 оны хичээлийн жилд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуулийн төгсөх дамжааны зургаан оюутан 11 дүгээр сарын 22-ноос 14 хоногийн хугацаатай Сайншанд суманд ажиллалаа.

Орос оюутнууд Сайншанд сумын ерөнхий боловсролын II, III, Замын-Үүд сумын II сургуульд ажиллаж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын орос хэл сурах идэвх сонирхлыг өрнүүлэх, багш нарыг дадлагажуулах, арга зүйн сургалтаар хангаснаас гадна хүүхдүүдэд орос хэл заасан байна.

Хамтын ажиллагааны дагуу 2016 оноос эхлэн ОХУ-ын Эрхүү хотоос 32 багш оюутан Дорноговь аймагт зочилсон бол Дорноговь аймгаас 70 сурагч, 29 багш Эрхүү хотод аялж харилцан туршлага солилцжээ.

Орос оюутнуудыг аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Холбоотой мэдээ