Монгол, Туркийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид Истанбул хотноо чуулав

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-12-08 14:50:32

Истанбул /МОНЦАМЭ/. “Монгол-Туркийн аялал жуулчлалын салбарын бизнес форум” БНТУ-ын Истанбул хотноо Бизнесийн олон улсын хамтын ажиллагааны DEIK байгууллагын хурлын танхимд боллоо.

Энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан энэхүү форумыг Монгол Улсын БОАЖЯ, Турк улсын Соёл, аялал жуулчлалын яам, Монгол Улсаас БНТУ-д суугаа Анкара хот дахь Элчин сайдын яам болон Истанбул хот дахь Ерөнхий консулын газар анх удаа зохион байгуулав.

Тус форумд Монгол Улсын БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Сэрдэр Чам, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд болон хоёр орны аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид оролцов.


Форумыг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “Монгол, Турк улс уламжлалт харилцаатай бөгөөд жуулчдын сонирхлыг ихээхэн татах Түрэгийн үеийн дурсгалт газар олонтой.  Монгол нутагт үлдсэн түрэг аймгууд 552-840 онд төр улсаа байгуулж байсны ул мөр Орхоны хөндий дэх Билгэхан, Культигиний болон Налайх дахь Тонюкукийн дурсгал зэрэг 200 орчим дурсгал үлдсэн. 

Туркийн олон улсын хөгжлийн агентлаг “ТИКА”-гийн шугамаар 1994 оноос эхлэн нийт 30 сая ам.долларын техникийн тусламж үзүүлснээр Хархорин-Хөшөө цайдамын 46 км авто зам барих, Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах төсөл хэрэгжүүлэн Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн мyзей байгуулсан. Өвөг дээдсийнхээ үлдээсэн түүхийг судлах хүсэлтэй туркийн  иргэд манай улсыг  зорин ирж байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин, тогтмол нислэгийн тоо нэмэгдэн улмаар 2020 оны 1 дүгээр сараас эхлэн БНТУ-ын агаарын тээврийн “Туркиш эйрлайнс” компани шууд нислэг үйлдсэнээр хоёр орны аялал жуулчлалын харилцаа эрчимтэй хөгжинө гэдэгт найдаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд хоёр улсын аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж, харилцан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал юм. Энэхүү уулзалт энэ зорилгын хүрээнд амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.


Монгол Улсад Турк улсаас 2018 онд 2699 жуулчин ирсэн нь өмнөх жилийнхээс 23.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин Монгол Улсаас БНТУ-д мөн онд 5890 жуулчин аялсан байна.


Тус бизнес форумыг зохион байгуулснаар хоёр улсын аялал жуулчлалын салбарыг шинэ түвшинд гаргах дараагийн ажлуудын эхлэл тавигдлаа хэмээн зохион байгуулагчид нь үзэж байна. 

Туркийн Гадаад эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын Монгол, Туркийн бизнес зөвлөлийн дэд дарга Махмут Эр, “Турк, Монголын аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн анхдугаар уулзалт 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс “Туркиш эйрлайнс” компанийн шууд нислэг үйлдэх гэж буй энэ цаг үетэй таарч байгаад таатай байна. Энэ нь хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг ойртуулахад чухал алхам болох юм. Турк улсын хувьд, Монгол Улс сэтгэлд ойр боловч газар нутгийн холоос шалтгаалан аялал жуулчлал санасан хэмжээнд хүрч байгаагүй. Харин шууд нислэг үйлдэж эхэлснээр бүгдийг аажим аажмаар ойртуулан, хоёр орны аялал жуулчлал, худалдааны салбарт шууд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Бизнес форумын үеэр Монголын талаас аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгч 20 гаруй аж ахуйн нэгж, жуулчин хүлээн авдаг бааз, тур оператор, Туркийн талаас 30 гаруй компани болон хувь хүмүүс үйл ажиллагаагаа танилцуулсан юм.



Холбоотой мэдээ