Хүн, ам, орон сууцны 2020 оны тооллогын комиссын гишүүдийг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-07 14:10:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсээс хүн ам, орон сууцны 2020 оны тооллогыг 15 суманд зохион байгуулах тооллогын комиссын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтад тооллогыг зохион байгуулах аймаг болон 15 сумын тооллогын комиссын дарга, гишүүд нийт 80 гаруй хүн хамрагдсан байна.

Тус сургалтыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нар нээж, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд мэдээлэл өгчээ.

Энэхүү сургалтаар хүн ам, орон сууцны 2020 оны тооллого зохион байгуулах хууль, эрх зүйн үндэс, зохион байгуулалт, тооллогын комиссын гишүүдийн үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл өгсөн төдийгүй 12 дугаар сарын 7-17-нд орон даяар хэрэгжүүлэх мал тооллогыг хэрхэн зохион байгуулах заавар, зөвлөгөө өгчээ.

Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг дарга, сумын комиссыг 15 суманд сумын Засаг дарга нар тэргүүлж байгаа бөгөөд сум бүрт 5-10, аймагт 20 хүнтэй комисс тус тус байгуулсан байна.

Тооллогыг цахим бүртгэл хийж явуулах ба хүн амын 10 хувийг түүврээр сонгож, дэлгэрэнгүй цаасан мэдээлэл авах ажээ. 

Холбоотой мэдээ