Дундговь аймгийн хүн амын 34 хувь газраа өмчилж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-05 21:22:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2003 оноос Монгол Улсад газар өмчлүүлж эхэлснээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 15939 иргэнд 1366,39 га газрыг өмчлүүлжээ.

Энэ нь аймгийн нийт хүн амын 34 хувийг эзэлж байгаа юм. Иргэнд өмчлүүлсэн газрын сүүлийн 10 жилийн  дүнг харьцуулахад 2019 онд хамгийн цөөн иргэн газраа өмчлөн авчээ. Тодруулбал, 2017 онд 2737, 2018 онд 2741 иргэн газраа өмчилж авсан бол 2019 онд дөнгөж 315 иргэн л өөрийн өмчлөлийн газартай болсон байна.

Аймгийн ГХБХБГ-т энэ онд газар өмчилж авах 320 өргөдөл ирсэнээс 315 иргэнд 24,2 га газар олгосон байна. Тэдгээрээс таван иргэн эзэмшиж байгаа хашааны газраа өмчилжээ.

Харин 15 сумын газар өмчлөлийн байдлыг харьцуулж үзвэл Сайнцагаан 64 хувь, Говь-Угтаал 33 хувь, Эрдэнэдалай сум 30 хувьтай байгаа бол Хулд 9 хувь, Өлзийт сум 4,3 хувьтай байна.   

Аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар 2020 онд иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөг хэлэлцэж, ирэх онд 1597 иргэнд 122,48 га газрыг өмчлүүлэхээр баталсан байна. 

Холбоотой мэдээ