“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа нийслэлд маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-04 19:04:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 5-20-нд нийслэлд болох гэж байна.

Худалдаа нь нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилготойг ХХААХҮЯ-наас мэдэгдэж байна. Тодруулбал, нийслэлийн иргэд хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж байна. Мөн хөдөө орон нутгаас дундын зуучлагчгүй үнээр, мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой, уламжлалт аргаар нядалсан, эрүүл ахуйн шаардлага хангасан мал мах, малын дайвар бүтээгдэхүүнийг малчид өөрсдөө худалдах  юм.

Үнийн хувьд хэдийгээр салбарын яам зах зээлийн үнэд оролцохгүй ч орон нутгаас авсан тоон мэдээгээр үхрийн мах кг нь 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байх тооцоо гарчээ.

Худалдааг нийслэлийн Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрт тус тус зохион байгуулах юм. Өнөөдрийн байдлаар “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай аймгийн малчид оролцох аж.

Үүний өмнө ХХААҮЯ 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-нд махны өргөтгөсөн худалдааг нийслэлд зохион байгуулсан юм. 

Холбоотой мэдээ