Өмнөд Хятадын тэнгист Хятадын цэргийн нисэх онгоц газарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-18 15:29:20

БЭЭЖИН. /Reuters/.  Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудад БНХАУ-ын байгуулсан нисэх зурваст тус улсын цэргийн нисэх онгоц анх удаа газардсаныг олон нийтэд ил тод мэдээллээ.  Энэ нь уг бүлэг арлуудад сөнөөгч онгоц байрлуулах боломжтой гэдгийг нотолж байна.

Өмнөд Хятадын тэнгист хиймэл арлууд байгуулж, тэдгээрийг цэргийн зориулалтаар ашиглах төлөвлөгөөтэй байна гэж АНУ-ын зүгээс БНХАУ-ыг буруушааж байгаа билээ. Харин БНХАУ уг ажиллагаа дайсагнасан зорилго агуулаагүй хэмээн мэдэгдэж америкчуудын мэдэгдлийг няцаасаар ирсэн юм.

БНХАУ маргаантай арлуудад нийт гурван нисэх буух зурвас байгуулсны нэг нь “Fiery Cross” арал дээр оршдог аж. 3000 метрийн урттай уг нисэх зурвасыг барих ажил бүтэн жил гаруйн турш үргэлжилж байгаа бөгөөд Спратли арлуудад элс овоолох замаар дугуй хэлбэртэй хиймэл арал байгуулжээ.

Иргэний агаарын тээврийн нислэгийн туршилтыг өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн байна.

Хятадын Ардын чөлөөлөх армийн сонинд мэдээлснээр, Өмнөд Хятадын тэнгис орчим эргүүл хийж буй цэргийн нисэх онгоц хүнд өвчтэй гурван ажилчныг зөөх яаралтай дуудлагыг хүлээн авч “Fiery Cross” аралд газарджээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ