Залуу багш нар зөвлөлдөж, холбоогоо шинэчлэн байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-03 10:05:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн залуу багш нарын зөвлөгөөнийг 11 дүгээр сарын 30-нд аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ, Мандах наран олон улсын байгууллагатай хамтран хийлээ. Зөвлөгөөнд боловсролын салбарт 1-5 жил ажилласан 150 багш оролцож, залуу багш нарын холбоог шинэчлэн байгуулав.

Залуу багш нарын холбоог сэргээн, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, тогтмолжуулах зорилгоор анхдугаар зөвлөгөөнийг хийсэн бөгөөд тэд цаашдын үйл ажиллагаа, бусад байгууллагатай хамтарч ажиллах чиглэлээ тодорхойлсон юм.

Анх 2014 онд залуу багш нарын зөвлөгөөнийг хийснээс хойш завсардаж явсаар өнөөг хүрсэн. Яг хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байгаа, ажлынхаа амт шимтэнд орж, ажилдаа дуртай болох цаг хугацаа аль ч салбарын мэргэжилтнүүдэд эхний жилүүдэд тохиодог. Тиймээс бид залуучуудаа цэнэглэе, урам өгье гэдэг том зорилгыг өвөрлөн зөвлөгөөнөө хийж байна.

Цаашлаад орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллахад залуу боловсон хүчинд олон талын дэмжлэг чухал. Үүнийг бид өөр хоорондоо ярилцаж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах талаар хэлэлцэж байна. Эцэст нь багш нар маань энэ хугацаанд олон шинэ соргог мэдээлэл сонссон, мэргэжлийнхээ үнэ цэнийг илүү ихээр мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна гэдгийг аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа онцоллоо.

Залуус эвлэлдэн нэгдэж салбартаа манлайлах, аймаг орон нутгийн хөгжилд түүчээлэн ажиллах цаг ирснийг тэд дуу нэгтэйгээр хэлж байлаа. Тиймээс аймгийн залуу багш нарын холбоог дахин сэргээж, шинэ тэргүүнээр Баруун-Урт сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн багш А.Ганхүүг сонгов.

Зөвлөгөөний үеэр аймгийн хэмжээнд 2013 оноос хойш хэрэгжиж буй “Би залуу багш хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ