Умард Солонгос цөмийн тав дахь туршилт явуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-18 15:05:59

СӨҮЛ. /TASS/. Умард Солонгос тав дахь удаагийн цөмийн туршилтаа тавдугаар сарын эхээр явуулах гэж байгаа тухай Өмнөд Солонгосын Засгийн газар дахь энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж мэдээллээ.

“Сүүлийн өдрүүдэд Пёнан-Пукто мужийн цөмийн туршилтын талбайд хүмүүсийн хөдөлгөөн, барилгын ажил, цэргийн техникийн хөдөлгөөн эрс идэвхжиж эхэлснийг тагнуулын мэдээ харуулж байна. Энэ нь цөмийн ээлжит туршилт явуулахад бэлтгэх ажил дуусч байгаатай холбоотой гэж бид үзэж байгаа” гэж эх сурвалж ярьсан байна.

Эх сурвалжийн үзэж байгаагаар, туршилтыг тавдугаар сарын эхээр зохион байгуулахаар товлосон Солонгосын Хөдөлмөрийн намын их хуралд зориулан явуулах гэж байгаа бололтой. “Үүний дараа Умардын эрх баригчид хэмжээг нь жижигрүүлсэн цөмийн цэнэгт хошууны туршилт амжилттай болсон тухай мэдэгдэх байх. Энэ нь жинхэнэ ёсоор шаардлага хангасан цөмийн зэвсгийг армийн зэвсэглэлд хүлээн авах эцсийн үе шат болно” гэж эх сурвалж онцлон дурджээ.

Түүнчлэн Умард Солонгос баллистик пуужинд суурилуулсан цөмийн цэнэгт хошуу туршихаар бэлтгэж байгаа тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам өнөөдөр мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

 

 

 

Холбоотой мэдээ