Орон нутгийн тусгай хамгаалалтыг хамтын хүчээр сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-02 15:24:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран өнөөдөр Соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын асуудлаар тусгай хамгаалалттай орон  нутгийн хамгаалалтын захиргааны дарга нарт зориулсан сургалт, уулзалт хийж байна.

Орон нутгаас ирсэн хамгаалалтын 30 гаруй ажилтанд "Түүх соёлын үл хөдлөх дурсгал, түүний ангилал, бүртгэн баримтжуулалт" сэдвээр Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийг авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа, "Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг хэрэгжүүлэх тогтолцоо" сэдвээр Соёл урлагийн газрын мэргэжилтэн Ч.Нацагням, "Хамгаалалтын бодлого, эрх зүйн орчин" сэдвээр БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэн, "Хадгалалт, хамгаалалтын хяналт" сэдвээр МХЕГ-ын Соёлын хяналтын улсын байцаагч Д.Отгонбаяр нар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Илтгэгчид Монгол Улсад нийт 9537 дурсгалт газрын 86,157 үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байдаг. Үүнээс 6000 орчим үл хөдлөх дурсгал нь Тусгай хамгаалалттай газар нутагт оршдог. Эдгээр дурсгалуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах асуудлыг хөндлөө. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд  найдах бус орон нутгийн иргэдийн оролцоог эрс сайжруулах нь чухал байгааг онцолжээ. Тэгэхдээ бүртгэлээр бус нүдлэн хамгаалж, төр, иргэн, орон нутгийн төрийн байгууллагын хяналтыг нэгтгэсэн бодлого үгүйлэгдэж байна гэж шүүмжиллээ. Дээрх саналуудыг нэгтгэн ажил хэрэг болговол тусгай хамгаалалттай газрын хамгаалалт сайжирна, газар дээр нь хяналтыг сайжруулж болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Холбоотой мэдээ