Х.Нямдоржийнх “Шатарчин гэр бүл”-ээр шалгарлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-11-28 23:21:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Шатрын холбоо, Дархан сумын 11 дүгээр багийн өндөр настан, шатрын спортын 1 дүгээр зэрэгтэй ахмад шатарчин Б.Цэдэвтэй хамтран аймгийн гэр бүлийн багийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Залуучууд театрт зохион явуулж аварга гэр бүлийг шалгарууллаа. Энэ жилийн шатарчин гэр бүлээр Дархан сумын 5 дугаар багийн иргэн Х.Нямдоржийнх тодров.

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулсан тус тэмцээнд найман өрхийн 30 иргэн оролцлоо. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар гэр бүлээрээ шатар тоглодог болох, чөлөөт цагаа шатрын спортоор хичээллэж оюунлаг өнгөрүүлэх, Улс, тив дэлхийн аварга шатарчин гэр бүл төрөн гаргах зорилгоор жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ташрамд, 1989 онд анх улсын хэмжээнд шатарчин гэр бүлийг шалгаруулж эхэлсэн байна. 2 дахь удаагийн тэмцээнийг 1990 онд Дархан хотод зохион байгуулж түүнээс хойш 30 жилийн дараа дахин явууллаа.

 

Холбоотой мэдээ