Бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөнд 6100 гаруй иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханы
Засаг даргын бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөнийг эрчимжүүлж, ард иргэдийн бие
бялдрыг чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх зорилгоор гаргасан захирамжийн хэрэгжилт сайн
байгаа талаар аймгийн ЗДТГ-аас дуулгав.
Захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заал, сумын “Соёлын төв”-ийн танхим, аймгийн Биеийн тамир, спортын газрын заал, Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвийн заалыг өглөө бүр 6:30-9:00 цагийн хооронд иргэддээ зориулж нээлттэй байлгаж, үнэ төлбөргүй үйлчилж эхэлсэн.
Мөн Эрүүл мэндийн төвүүдийн ажилтнуудын цагийн зохистой менежментийг хийж, өглөө бүр 6:30-9:00 цагт иргэдийг дасгал хөдөлгөөн хийхэд нь мэргэжил арга зүй, удирдлагаар ханган, шинжлэх ухааны үндэстэй зөв зохистой амьдрах ухааны мэдээллийг өгч, удирдан зохион байгуулж ажиллахыг сумын Эрүүл мэндийн төв, аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад даалгасан байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 19 сумын ерөнхий
боловсролын сургуулийн 16 заал, Соёлын 10 төв ажиллаж бүжиг, спорт тоглоом,
дасгал хөдөлгөөн, ажлын байрны дасгал зэргийг хийж давхардсан тоогоор 6172
иргэн үйлчлүүлээд байна. Түүнчлэн Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Сонгино,
Түдэвтэй, Тэс сум иргэдээ идэвхтэй хамруулан ажиллаж байгаа аж. Харин Нөмрөг
сумын төрийн болон төрийн бус байгууллагууд долоо хоногийн тав дахь өдөр
хариуцсан таван өрхөө хамруулах ажлыг зохион байгуулж, заавал сурах 10 бүжиг,
дасгал хөдөлгөөнийг иргэддээ зааж өгч байгаа ажээ. Захирамжийн хэрэгжилтийн
мэдээллээ өнгөрсөн долоо хоногийн байдлаар Баянхайрхан, Идэр, Тэлмэн, Цагаанчулуут,
Шилүүстэй, Улиастай сумын ерөнхий боловсролын IV сургууль, Биеийн тамир,
спортын газар ирүүлээгүй байна хэмээн нэмж мэдээлэв.