Атар газар эзэмшсэний ойг тохиолдуулан Төрийн цол, одон медаль хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-22 14:32:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж тус салбарт ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн манлайлагчдад өнөөдөр Төрийн дээд цол, одон медаль хүртээв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг нь үнэлж Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор тус бүр нэг хүн шагнасан бол Гавьяат агрономич цол найм, Гавьяат механикжуулагч цол гурван иргэн хүртлээ. Харин Алтан гадас одонгоор тав, Хөдөлмөрийн хүндэт медалиар нэг хүн  энгэрээ мялаалгав.



Тодруулбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч С.Ганболдыг шагналаа. Тэрбээр, газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэр дуурайлал үзүүлж байгаа аж.


Ингээд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор, ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Ж.Дашдаваа, Гавьяат агрономич цолоор, Хэнтий аймгийн Биндэр сумын “Амжилт” ХХК-ийн захирал Ц.Аюурзана, Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн ахмад ажилтан С.Даваалхүмбэ, Орхон аймгийн Улаантолгойн сангийн аж ахуйн ахмад ажилтан О.Дүгэрсүрэн нарыг шагнав. Мөн Монголын тариаланчдын үндэсний хорооны Өвөрхангай аймгийн салбарын тэргүүн Д.Лхагвабуд, “Дэвшил трейд” ХХК-ийн ерөнхий захирал Д.Мөнхбаатар, Сэлэнгэ аймгийн “Бүрэнтал” ХХК-ийн захирал Ч.Нямжав, Сэлэнгэ аймгийн Бооцын тариа ХХК-ийн зөвлөх С.Санжсүрэн, Завхан аймгийн Улиастай сумын ахмад тариаланч Г.Цэрэн нар Гавьяат агрономич цолоор шагнуулав.


Түүнчлэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн ахмад ажилтан С.Сүхбаатар, “Гурван борхууд” ХХК-ийн трактор комбайнч Ч.Хүрэлтөмөр, Хэнтий аймгийн “Идэр-Онон” ХХК-ийн захирал М.Оюунжаргал нарт Гавьяат механикжуулагч цол хүртээсэн бол Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Төв аймгийн Атарын сангийн аж ахуйн ахмад ажилтан С.Тамжидыг шагнав.


1992 оноос Монголын радиод сурвалжлагч, сэтгүүлч редактороор ажиллах хугацаандаа “Ургацын далай”, Газар тариалангийн талаарх “Ургадаг алт” хэмээх цувралыг хэвлүүлж тариаланчдын амжилт үйлсийг сурталчилсан үйлсийг нь үнэлж Монголын радиогийн сэтгүүлч Л.Мөнхтөрд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгов.


Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын дараах хүмүүст Төрийн одон медаль гардуулав.


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газрын агрономич Ю.Батцэнгэл, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал, хорио цээрийн газрын улсын байцаагч Ш.Тунгалаг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ахмад тариаланч С.Түмэнбаяр нарыг шагналаа. Харин Алтан гадас одонгоор, “ЖС Агро” компанийн гүйцэтгэх захирал М.Бадрах, Төв аймгийн Жаргалант сумын “Хонгор буудай” компанийн захирал Г.Болормаа, “Урт ус” ХХК-ийн агрономич О.Рэнцэнханд, Булган аймгийн Баян-Агт сумын “Актив-Агро” компанийн комбайнч Б.Сандагдорж, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул” компанийн трактор комбайнч Г.Энхбаяр нарыг шагнасан юм. Үүнээс гадна Хөдөлмөрийн хүндэт медалиар, Сэлэнгэ аймгийн “Газар агро” компанийн трактор комбайнч Ж.Энхтүвшинг шагнасан.



Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрбээр, "Атрыг далайцтайгаар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлснээс хойших 60 жилийн хугацаанд Монгол Улсын төрөөс  1959, 1976, 2008 онд Атрын гурван удаагийн аяныг зарлан хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 1.2 сая га атар газрыг тариалангийн эргэлтэд оруулж, 64 сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, 13 гурилын үйлдвэр байгуулсан. Ингэснээр монголчууд өөрсдийн тарьсан буудай, төмсөөр хэрэгцээгээ хангах болсон. Өнөөдөр газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 аж ахуйн нэгж ажиллаж, иргэдийн хүнсний хэрэгцээг хангах үйлсэд 60 мянган тариаланч, ногоочин зүтгэж байна. Атрын аянд идэвхтэй оролцож, тариалангийн ажилд хүч хөдөлмөр, залуу насны эрч хүчээ зориулсан манлайлагчдыг салбарынх нь түүхт ойгоор урамшуулж байна" хэмээсэн юм.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан С.Ганболд 1974 онд Ерөөгийн сангийн аж ахуйд тракторч, комбайнчаар ажиллаж эхэлснээсээ өнөөг хүртэл газар тариалангийн салбарт тасралтгүй 45 жил зүтгэж яваа аж. Тэрбээр, 1983-1990 онд БНМАУ-ын Ургацын аваргаар зургаан удаа шалгарч байжээ. Тиймээс Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн амыг дотоодын эрүүл бүтээгдэхүүнээр хангах, улс орон, орон нутгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэрт Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулах үеэр онцолсон.

Монгол Улсын Гавьяат механикжуулагчаар шагнуулсан Ч.Хүрэлтөмөр 1970 оноос моторчноор ажлын гараагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тракторч, комбайнчаар үр бүтээлтэй ажиллаж, нутаг орондоо газар тариаланг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм. Харин Гавьяат агрономич цолоор шагнуулсан Г.Цэрэн нь газар тариалангийн салбарт тасралтгүй 56 жил буюу нэгэн жарныг зориулсан хэмээн Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ цохон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ