М.Бархас: Хувцсыг нь угаагаад боломж гарвал уранхайг нь оёод өгчихдөг

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-11-20 17:40:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэн М.Бархас сумандаа угаалгын газар ажиллуулж, сумынхаа иргэд, ялангуяа малчдын дээл, хувцсыг цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хувцсыг нь угаагаад, боломж гарвал уранхайг нь оёод өгчихдөг хэмээн бидэнд ярилаа.

Оёж өгснийхөө төлөө тэрээр ямар нэг хөлс, төлбөр авдаггүй. Дундговь аймгийн хэмжээнд байдаг ганцхан угаалгын газар нь тэднийх. Гурвансайхан сум өөрсдийнхөө нөөц боломж, иргэдийн оролцоо, гадны хөрөнгө оруулагчдын дэмжлэг, туслалцаатайгаар “Шинэ сум” төслийг амжилттай хэрэгжүүлсэн, тэр нь ч одоо улсын хэмжээнд туршлага болж байгаа ганцхан сум.

Тус сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн санаачилж, сумандаа угаалгын газар байгуулсныг өөрийнхөө сэтгэл, хөдөлмөрөөр авч яваа хүн бол М.Бархас юм.

Малчдын хувьд зузаан дээл, хувцас, бүтээлэг гээд өөрсдийн өмсдөг, хэрэглэдэг бүхий л хувцас, угаах зүйлсээ авч ирж, тус угаалгын газар өгчихөөд суман дээр бусад ажлаа амжуулж байгаад орой нь угааж, индүүдсэн хувцсаа аваад явдаг тийм соёл бий болсоор өдгөө хоёр жил болж байгаа аж.

Хэрэглэгчдийнхээ хэрэгцээг мэдэрч, ажлыг нь хөнгөвчилсөн ийм нэгэн үйлчилгээг Гурвансайхан сум бий болгож чадсан нь аймагтаа мөн л анхдагч болж байна.

Ойрын өдрүүдэд бусад сумын оторчид манай сумаар дайран өнгөрөхдөө хувцсаа угаалгаж байгаа учраас ачаалал их байна, шинэ жил, цагаан сараар бүр их ачаалалтай болдог, заримдаа эндээ хонож, ажиллах өдрүүд олон байдаг хэмээн Бархас хуучиллаа.

Үйлчилгээний хөлс нь тийм ч өндөр биш ээ, сумаас угаалгын болон хатаах машин авч өгсөн, байраар хангаж байгаа учраас би тийм их хөлс авдаггүй, иргэддээ л чин сэтгэлээсээ үйлчилж, ажлаа сайн хийхийг боддог хэмээн тэрээр нэмж хэлсэн юм.

М.Бархас өөрийн гэр бүлийн хүнтэй хамтран сумынхаа СХС-аас зээл авч, бизнесээ өргөжүүлж, хивс угаалгын үйлчилгээг шинээр эхлүүлж, хаягдал арьс нэхийг ч элддэг үйлдвэрлэлийг эрхлэн явуулж байна.

Сэтгэл байвал ямар ч ажлыг хийж, амжилтад хүрч болдгийн жишээг тэрээр харуулж явна. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээг мэдэрч чадвал суманд ч гэсэн хангалттай зах зээл байдаг, аливаа бизнесийг тогтвортой, амжилттай авч явахын тулд хэрэглэгчдийнхээ сэтгэлийг татаж, итгэлийг олж авч, түүнийг хадгалах нь чухал юм гэдгийг түүний энэ бизнесээс харж, туршлагаас нь санаа авч болохоор ажээ. 

Холбоотой мэдээ