Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-19 13:27:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, "Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын төсөл"-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгов. 


УИХ-ын чуулганы энэ оны есдүгээр сарын 18-ны хуралдаанаар тус Улаанбаатар-Дархан чиглэлд 202 км хатуу хучилттай зам шинээр тавихаар шийдвэрлэжээ. Ингэхдээ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх аж. Энэ зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хувьсагч хүү "LIBOR +1%" байх юм.


Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгон шинэчлэх аж. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ жил тус замын хоёр эгнээг шинэчлэх ажил эхэлсэн. Харин Европын сэргээн  босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх жилээс хоёр эгнээ зам шинээр тавих юм. 

Холбоотой мэдээ