Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд хориг тавих асуудлыг судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-18 11:47:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд хэсэгчлэн хориг тавих асуудлыг судалж байгаа талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэв.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын энэ сарын 13-ны нэгдсэн чуулганаар баталсан бөгөөд өнөөдөр 16.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулгад эхийг нь өргөн барих юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болохоор заасан. Уг заалтад хориг тавих асуудлыг судалж байна. Харин бусад зүйл, заалттай санал нийлж байгаа аж. Түүнчлэн Ерөнхийлөгч ирэх оны төсвийн зарим заалтад хориг тавих болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, “Одоо 23 хувьтай байгаа Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд 25 хувь болгохоор төсөвт тусгасан. Үүнд хориг тавих болсон” хэмээсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай:

16.1.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна.

16.2.Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоо өдрийн дотор хянан үзэж хэрэв уг эх бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томъёоны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хориг тавьж болно.

Монгол Улсын Үндсэн хууль

1/Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

Холбоотой мэдээ