Аляскийн хандгайн нүүдэлд дэлхийн дулаарал нөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-04-15 15:27:38

АЛЯСК. /ВВС/. Агаарын температур нэмэгдэж, зуны улирал уртсах болсноор Аляскийн хандгай мөсөн тундрыг хөндлөн гулд туулж байгааг судалгаагаар тогтоожээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хандгайнуудыдн өвлийн улиралд идэж амь зуудаг ургамлуудын гарц эрс нэмэгджээ. Тэд бутны дагуу ургасан ургамлыг дагаж, хойд зүгийг чиглэн хэдэн зуун км нүүдэллэсэн байна.

Дулаарал үргэлжилсээр байгаатай холбоотойгоор хандгайнууд шинэ газар нутгаар нүүдэллэсээр байх болно гэж эрдэмтэд үзжээ.

Аляскийн салхитай, модгүй тундрын бүс дэх хандгайн тоо толгой 20 дугаар зууны эхэн үеэс эрчимтэй буурч эхэлсэн боловч 2009 оноос хойш Аляскийн баруун болон хойд нутгаар хандгайн тоо толгой бага багаар нэмэгдэж эхэлсэн байна.

Тундрын бүсийн хандгайн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа нь түүнийг хоморголон агнаснаас бус харин байгаль орчны нөлөөллөөс үүдэлтэй болохыг судалгаа харууллаа. 

Д.Нямтулга

Холбоотой мэдээ