2024 оны Олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөгч Будапештын логог танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-15 14:13:04

БУДАПЕШТ. /VOA/. 2024 оны Олимпийн Наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд оролцож буй Будапешт хотынхон үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж байна.

Олимпийн хотыг сонгон шалгаруулах ажиллагаанд зориулсан логог пүрэв гарагт Унгарын нийслэлд танилцуулсан бөгөөд уг логонд Олимпийн цагираг болоод Дунай мөрнийг дүрсэлжээ. Энэхүү эмблемийг Будапештийн “Graphasel Design” студи зохиож, логоны загвар ирүүлсэн 200 орчим оролцогчдоос шалгарчээ. Өмнө нь Олимпийн наадмыг зохиож байсан туршлагатай Лос Анжелес, Парис, Ром зэрэг хотуудтай өрсөлдөж буй Будапешт хот өнөөдөр анхаарлын төвд байгаа бөгөөд 2017 оны есдүгээр сард болох Олон Улсын Олимпийн Хорооны /ОУОХ/ хурлаар Олимпийн наадам зохиох хотыг тодруулах юм.

Олон төрлийн спортын болон соёлын арга хэмжээнүүд пүрэв гарагт Будапешт хотноо болж, энэ үеэр Олимпийн наадмын сонгон шалгаруулалтын журмыг танилцуулж, сагсан бөмбөг, туялзуур жад, элсний волейбол, хүндийн өргөлт ба ширээний теннис зэрэг спортын төрлүүдийг сурталчилжээ.

Геллерт Хилл дахь Эрх чөлөөний хөшөөн дээр суурилсан олон өнгө хосолсон гайхалтай хэлбэр дүрс бүхий байгууламжийг логонд дүрсэлсэн байна. Лого зохион бүтээгчдийн ярьснаар, тэд сонгон шалгаруулалтад зориулж таван өөр хувилбараар лого хийжээ.

Өнгөрсөн онд боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлд тусгаснаар бол, Олимпийн наадам зохион байгуулахад 1.074 их наяд форинт (3.9 тэрбум доллар) шаардлагатай бөгөөд цэвэр зардал нь 774 тэрбум форинт (2.8 тэрбум доллар) болно гэж тооцоолжээ.

Барилгын ажлын төсөлд тусгасанаар, гүйлтийн зам бүхий 60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, дугуйн уралдааны зам, 10 мянган хүний суудалтай теннисний ордон, мөн элсний волейбол, сур харваа зэрэг хотын төвд болох уралдаан тэмцээнд зориулсан түр байгууламжууд зэргийг барьж босгохоор төлөвлөжээ.

Х.Сарнай

 


 

Холбоотой мэдээ