Орос улс кибер халдлагын улмаас 3.3 тэрбум долларын хохирол амсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-15 11:40:31

МОСКВА. /Rbth/. Өнгөрсөн онд кибер халдлагын улмаас 3.3 тэрбум долларын алдагдал Оросын эдийн засагт учирсан болохыг “Group-IB”, Интернэт санаачилга хөгжлийн сан болон “Microsoft” компанийн хамтарсан судалгаа харуулж байна.

Ийм хэмжээний мөнгө нь тус улсын ДНБ-ий 0.25 хувь, 2015 онд тус улсын эрүүл мэндийн салбарт зарцуулсан санхүүжилтийн тал хувьтай тэнцэж байгаа юм.

ОХУ өнгөрсөн онд зөвхөн кибер халдлагын улмаас 2 тэрбум доллар алдсан бол халдлагын үр дагаврыг арилгахын тулд 1.3 тэрбум доллар зарцуулсан байна.

“Group-IB”-ийн мэдээлснээр, ОХУ-д цахим хуудас, вэб технологийн системүүдийн үйл ажиллагааг гацаах зорилгоор үйлддэг “Ddos” гэх кибер халдлагын тоо 1000-аас давсан байна.

Судалгаанд хамрагдсан 600 компанийн 92 хувь нь кибер халдлагад өртөж байсан бөгөөд тэдгээрийн 42 хувь нь Засгийн газрын агентлагууд болон арилжааны томоохон компаниуд байжээ.

“Group-IB”-ийн судалгаанд дурдснаар, кибер халдлага үйлдэгсдийн гол бай нь банкууд, тэр дундаа цахим банкны системүүд байдаг аж. Мөн андроид системд зориулсан вирус ашиглах байдлаар үйлддэг  кибер халдлагын тоо нэмэгдсээр байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ