Сонгогдсон өрхүүдэд дулаалгын багцыг суурилуулж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-11-11 16:30:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын "Угалз" болон "Цагаан чулуут" багийн 200 өрхөд CHIPS буюу Хоол бэлтгэл, халаалт, дулаалга, бүтээгдэхүүн үйлчилгээний (ХБХДБҮ) багцыг суурилуулж байна. Баянхонгор аймаг, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй "Утаагүй Баянхонгор" хөтөлбөрийн хүрээнд дээрх ажил өрнөж байгаа аж.

Төсөлд хамрагдах айл өрхийг Баянхонгор сумаас томилогдсон ажлын хэсэг шалгаруулсан бөгөөд эхний ээлжинд 4, 5 дугаар багийн 200 өрхийг сонгосон байна. Нэг айлд 1.8 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүн төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд жирэмсэн болон бага насны олон хүүхэдтэй айл өрхийг сонгон шалгаруулжээ. 

Тус багц нь эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалт, хоол бэлтгэлийн төхөөрөмж, 10 иж бүрдэл бүхий дулаалгын материал болон агаар сэлгэлтийн төхөөрөмжөөс бүрдэж байгаа аж. Иж бүрдэлд ус тусгаарлах амьсгалдаг бүрээс, уур тусгаарлах дотуур цагаан бүрээс, шалавч (уян), хөрсний уур тусгаарлагч үе, хатавчны дулаалга, агаар оруулах тохируулгатай нээлхий, хаалганы дулаалга, хаяавч, агаар гаргах тохируулгатай нээлхий, өрх багтаж байгаа юм байна. Халаалтын шүүгээний хувьд гурван талдаа цахилгаан конвектортой (халаах хэрэгсэл), дээд тавцандаа цахилгаан тогоо болон хийн тулга байршуулах боломжтой гэдгээрээ онцлог аж.

Холбоотой мэдээ