Дэлхийн өр хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-11-08 08:02:20

ВАШИНГТОН. /TASS/. Дэлхийн улс орнуудын төрийн болон хувийн хэвшлийн өрийн хэмжээ 188 их наяд ам.доллар буюу ДНБ-ий 230 хувьтай тэнцэж, хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн тухай Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина Георгиева Вашингтон хотод жил бүр болдог Жак Полакийн нэрэмжит XX бага хурлыг нээхдээ мэдэгджээ.


Нийт өрийн гуравны хоёр орчим хувийг эзэлж буй хувийн хэвшлийнхний өр нэмэгдсэн нь дэлхийн өрийн хэмжээ өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл болсон гэж Георгиева онцлон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, “хөгжилтэй эдийн засгийн орнуудын улсын өрийн үзүүлэлт Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ”. Харин хөгжиж буй орнуудын улсын өр хамгийн сүүлд 1980-аад оны өрийн хямралын үед ажиглагдсан түвшинд байгаа бол бага орлоготой улс орнуудын өрийн хэмжээ сүүлийн таван жилийн хугацаанд огцом өссөн байна.


Ийм өндөр үзүүлэлт дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж байгаа учраас дэлхийн өртэй холбоотойгоор үүссэн өнөөгийн нөхцөл байдлын шийдлийг олох шаардлагатай гэж Георгиева цохон тэмдэглэжээ.


Дэлхийн өрийн хэмжээ өссөн нь 2008 оны санхүүгийн хямралтай холбоотой бөгөөд тухайн үед хувийн хэвшлийнхэнд төрөөс томоохон дэмжлэг үзүүлж байсныг тэрбээр сануулав. ОУВС-гаас саяхан хийсэн судалгаагаар, 2008 оны хямралын үеэр санхүүгийн байгууллагуудад зөвхөн засгийн газраас үзүүлсэн шууд дэмжлэг гэхэд 1.6 их наяд долларт хүрсэн байна.


“Өрийн дарамт нь олон орны засгийн газар, компаниуд, өрхүүдийг санхүүгийн нөхцөл байдал гэнэт чангарахад эмзэг болгосон. Эрх баригчид өрийн үйлчилгээнд илүү их мөнгө зарцуулж, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролд бага мөнгө зарцуулдаг учраас бага орлоготой орнуудын хувьд өрийн дарамт нь хөгжлийн зорилтын хэрэгжилтэд саад тодгор учруулж болзошгүй" гэж ОУВС-гийн тэргүүн онцлон тэмдэглэжээ. Тус сангийн тооцоолсноор, орлого багатай орнуудын 43 хувь нь өрийн маш хүнд нөхцөлд орох өндөр эрсдэлтэй эсвэл ийм нөхцөлд хэдийнээ орсон байна.


ОУВС-гийн тэргүүний үзэж байгаагаар, хөгжиж буй орнууд үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын төсөлд анхаарлаа илүү их хандуулан өрийг зохих түвшинд байлгах хэрэгтэй.


Холбоотой мэдээ