Алслагдсан газарт хаваржиж байгаа малчдад малын тэжээл хүргэж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-аас эрхлэн сумынхаа алслагдсан багийн малчдад тус бүр нэг тонн тэжээлийн тусламж үзүүлэв.
Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн дүнгээр Дархан сумын хэмжээнд нийт 200 гаруй малчин өрхийн 61140 гаруй толгой мал тоолууласн. Малчдын хувьд бичин жилийн өвөл хүндэрч зуд болж магадгүй гэсэн болгоомжлол байсан ч өнөтэй өвөл болж урин цагтай золгожээ. Хашир малчид зуд турханаас сэргийлж өмнөх жилүүдээс нэлээд оройтож малаа хээлтүүлэгт оруулсан учраас мал төллөлт харьцангуй хожуу эхэлснийг ч хэллээ.
Одоогийн байдлаар тус сумын хэмжээнд мал төллөлт 30 хувьтай байна. Төл малын бойжилт 99,8 хувьтай байна гэж сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун ярилаа. Хэдийгээр малчны хотонд нялх төлийн дуу цангинаж урин цаг ирсэн ч хаврын жихүүн салхитай хуйсгануур өдрүүд үргэлжилж малчид өвлөөс дутахгүй сорилттой тулгарч байгааг хэллээ. Тиймээс хаваржилт хүндэрч болзошгүй алслагдсан багийн малчиддаа Дархан сумын аюулгүйн нөөцөөс малын тэжээлийг тусламж болгож өгсөн.
Сар шиний баяраас өмнөхөн улсын онцгой комиссын шийдвэрээр улсын нөөцөөс тус суманд хувиарлагдсан 80 тонн өвсийг мал бүхий есөн багийн 560 өрхөд олгосон, мөн 378 малчин өрхөд 76,7 тонн хивгийг хөнгөлөлттэй үнээр олгосон бол энэ удаа сумын ЗДТГ-аас ийнхүү 20 гаруй малчин айлд хивэг зэрэг малын тэжээлийн тусламж үзүүлсэн нь энэ юм.
Б.Норовсамбуу