“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-06 20:48:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсад Дэлхийн хуримтлалын өдрийг Монголын банкуудын холбооны санаачилгаар 2012 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ. “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хүрээнд олон нийтэд хандсан аяныг Дархан хотноо 2 дахь жилдээ зохион байгуулав.

Тус аяны үйл ажиллагаа 11 дүгээр сарын 06-нд Залуучууд театрт болж аяны үйл ажиллагаанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сангийн суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун болон Хадгаламжийн даатгалын корпорацийн төлөөлөл, Монголбанкны Дархан салбар болон арилжааны банкууд оролцож хуримтлалын ач холбогдлын талаар иргэд олон нийтэд ойлголт мэдээлэл өглөө. 
Мөн арилжааны банкууд өөрсдийн хадгаламжийн бүтээгдэхүүн болон аяны хүрээн дэх урамшууллаа танилцуулж, данс нээхийн зэрэгцээ Монголбанкны Дархан салбар болон арилжааны банкуудын төлөөлөлд хуримтлалын бэлгэ тэмдэг шаазан тэмээг гардуулсан юм. 
Ташрамд, Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга анх Италийн Милан хотноо 1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан Олон улсын Хадгаламжийн банкны 1 дүгээр чуулганы үеэр гарсан бөгөөд Италийн профессор Филиппо Равизза чуулганы сүүлийн өдөр 10 дугаар сарын 31-ний өдрийг “Олон улсын хуримтлалын өдөр" хэмээн зарлан тунхаглажээ. Мөнгөн хуримтлалын чуулган /The Thrift Congress/-ны шийдвэрт мөн “Мөнгө хуримтлуулах дэлхийн өдөр"-ийг дэлхий даяар мөнгөн хөрөнгөө хуримтлуулахад зориулах өдөр болгох нь зүйтэй гэж тусгасан байдаг аж.

 

Холбоотой мэдээ