Ж.Баатаржав: Бид хүүхдэд хэл сургах ёстой боловч хэл судлах хичээл зааж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-07 09:55:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хоёрдугаар сургууль /хуучнаар Согоог дунд сургууль/-ийн багш Жүкейн Баатаржавтай хөдөөгийн сургуулиудад тулгамдсан асуудал болон монгол хэл, бичгийн хичээлийн талаар ярилцлаа.


Ярилцлагынхаа эхэнд одоо ажиллаж байгаа сургуулийнхаа талаар товч танилцуулахгүй юу?

- Миний бие Монгол Улсын Гавьяат багш С.Шолтайн нэрэмжит Улаанхус сумын хоёрдугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байна. Манай сургууль бол сумын дөрөвдүгээр багийн төвд байрлаж, хөдөөгийн малчдын хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ 70 гаруй багш, ажилтан, 350 гаруй сурагчтай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 180 хүүхэд дотуур байранд амьдардаг.

Та монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаад хэдэн жил болж байна?

- Миний бие 1990 онд Ховдын Багшийн дээд сургуулийг төгссөн. Тухайн онд Баяннуур сумын 10 жилийн дунд сургуулиас ажлын гараагаа анх эхэлж байлаа. Дараа нь Хөх хөтөл багийн дунд сургууль болон Улаанхус сумын хоёрдугаар сургуульд, нийтдээ боловсролын салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. Дундуур нь 1994-1996 онд хичээлийн эрхлэгч, 1996-2001 онд сургуулийн захирал, 2008-2012 онд Улаанхус сумын ИТХ-ын дарга гээд 10-аад жил удирдах албан тушаал хашсан.

Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлийг сонгосноо манай уншигчидтай хуваалцахгүй юу?

- Багш болохыг багаасаа мөрөөддөг байлаа. Мөн намайг дунд сургуульд суралцаж байхад анги удирдсан багш минь байсан, монгол хэл, уран зохиолын хичээлийг заасан Х.Тунгалаг багшийн нөлөө ч байна. Багш маань эдүгээ 70 гарсан буурал, Өлгий хотод эсэн мэнд амьдарч байгаа. 

Багшаар ажиллах хугацаанд  өөрөө болон таны шавь нар ямар амжилт гаргаж байв?

- Би Ховдын багшийн дээд сургуульд суралцаж байхдаа монгол бичгийг гүнзгийрүүлэн судалсан. Тэр үед Я.Цэвэл гуайн ногоон толь хэмээн алдаршсан 30 мянган үгтэй "Монгол хэлний товч тайлбар толь"-ийг бүхэлд нь цээжилж байлаа. Монгол бичгийн хичээлийг дагнан заадаг юм. Дээр дурдсанчлан, 10-аад жил удирдах албан тушаал хашсаны дараа 2014 онд аймгийн багш нарын олимпиадад анх оролцоод гуравдугаар байр эзэлж байлаа. Үүнээс хойших аймгийн олимпиадуудад дандаа тэргүүн байр эзэлсэн. 2018 онд Улаанбаатар хотод МУИС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс зохион байгуулсан Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-д оролцоод тавдугаар байрт шалгарлаа. Шавь нарынхаа тухай хэлэхэд, өнгөрсөн онд монгол бичгийн хурдан уншлагын уралдааныг аймагт анх удаа явуулсан. Тус уралдаанд таван хүүхэд бэлдэж оролцуулснаас манай сургуулийн есдүгээр ангийн нэг сурагч А.Аманбек тэргүүн байр, долдугаар ангийн сурагч Г.Фамина хоёрдугаар байр, өөр хоёр шавь маань тавдугаар байрт орсон. Манай есөн жилийн сургуулийг төгсөөд сумын төв болон Өлгий хотод очиж суралцаж байгаа хүүхдүүд монгол бичгээр унших, бичих чадвараараа сургуулийнхаа тэргүүн эгнээнд явдаг онцлогтой.

Хөдөө амьдарч суралцаж байгаа хүүхдүүдийн монгол хэлийг сурах хүсэл эрмэлзэл ямар байна?

- Хүүхдүүдийн монгол хэлийг сурах хүсэл эрмэлзэл маш сайн байгаа. Гэхдээ багш нар нь чадварлаг, хичээл заах арга зүй нь сайн байх шаардлагатай байна. Ахмад багшийн хувьд залуу багш нарт хандан нэгдүгээрт, мэргэжлээ төгс сайн эзэмш, хоёрдугаарт, сайн арга зүй сонго, гуравдугаарт хичээлийг сэтгэл зүрхнээсээ заа гэсэн гурван зөвлөгөөг байнга өгдөг. Багш нь хичээлийг чин сэтгэлээсээ заавал хэл сурахгүй хүүхэд гэж байхгүй.

- Төвөөс алслагдсан бүс нутгийн сургуульд олон жил багшилж байгаа хүний хувьд хөдөөгийн сургуулийн багш нарт тулгамдаж байгаа ямар бэрхшээл, хүндрэл байдаг вэ?

- Манай аймаг бол үндэстний цөөнх казах түмэн голдуу амьдардаг онцлогтой аймаг. Харин Улаанхус сум нь аймгийн хүн ам нь бараг бүхэлдээ казах үндэстнээс бүрддэг 4-5 сумын нэг. Хүүхдүүд маань гэр бүл, сургуулийн орчинд дан казах хэлээр харьцдаг учраас хэлний бэрхшээл байгаа. Дараагийн тулгамдсан зүйл бол сурах бичгийн асуудал. Хүн амын өөр хэл бүхий казах хүүхдийн хувьд монгол хэл бол яах аргагүй гадаад хэл. Казах хүүхдэд зориулсан монгол хэлний сурах бичиг байхгүйн улмаас тэд монгол хүүхдэд зориулсан сурах бичгийг шууд хэрэглэдэг. Бид хүүхдэд хэл сургах ёстой боловч хэл судлах хэлбэрээр хичээл зааж байна. Монгол хүүхдүүд өөрийн эх хэлээрээ суралцаж байгаа болохоор одоогийн сурах бичгийн дагуу эх дээр ажиллах, түүний нэгж бүр дээр задлан шинжилгээ хийх гэх мэтээр хичээллэнэ. Харин хэлийг дөнгөж сурч эхэлж байгаа хүүхдүүдэд энэ даалгавар хүндээр тусна шүү дээ. Түүнээс гадна боловсон хүчний асуудалд сэтгэл дундуур явдаг. Гэхдээ үүнд хувь хүн гэхээс илүү одоогийн тогтолцоог буруутгадаг. Өнөө үед хувийн сургуулиудыг дульхан багш нар төгсөж ирж байна. Тэднийг ямар ч шалгуургүйгээр сургуульд багшаар авч ажиллуулж байна. Чадвартай багшаас чадвартай шавь, дульхан багшаас дульхан, чадваргүй шавь төрдөг жамтай.

Сурах бичиг хүрэлцээтэй байна уу?

- Хүртээмж хангалтгүй. Одоо шинэ хичээлийн жилийн хоёр дахь улирал эхэлж байна. Нэг ангид сайндаа 7-8 сурах бичиг л ногдож байгаа. Нэг номыг хоёроос гурван хүүхэд дундаа хэрэглэдэг гэсэн үг.

Сурах бичгийн хүрэлцээгүй байдал хэдэн жил үргэлжилж байна?

- Сүүлийн хэдэн жил ийм байдалтай байна.

Бага ангиас дунд анги руу шилжин орж ирж байгаа хүүхдийн монгол хэлний мэдлэгийн түвшин ямар байх ёстой вэ?

- Уг асуудлыг Цөм хөтөлбөрийн ярих, унших, сонсох, бичих шалгуураар үнэлнэ. Наад зах нь өөрийгөө, гэр бүлээ, сургуулиа монгол хэлээр танилцуулж чаддаг байх ёстой. Багшаас маш их хамаарна. Хүүхдүүдтэй харилцан ярилцаж өөрийгөө бичгээр болон амаар илэрхийлэх чадвар эзэмшүүлэх ёстой. Харамсалтай нь манай сурах бичиг үүнийг орхигдуулаад судлах тал руугаа орчихсон байдаг.

Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн монгол хэлний мэдлэг хангалтгүй гэсэн шүүмжлэл цахим орчинд их явж байдаг. Хүүхдүүдэд хичээл зааж, тэдэнтэй нүүр тулж ажиллаж байгаа хүний хувьд ямар тайлбар хэлэх вэ?

- Тулгамдсан асуудлуудыг дээр хэллээ. Ер нь нэг аймгийн боловсролын чанарыг гаднаас өнгөцхөн хараад дүгнэх нь учир дутагдалтай. Дотор нь ороод зүй тогтолтой нь танилцаж, тулгамдсан асуудал, бэрхшээлүүдийг нь шийдвэрлэхийн төлөө явахаас биш шүүмжлэх маш амархан.

Энэ жилийн хичээлийн олимпиадуудад бэлдэж байна уу?

- 2019 онд монгол хэл, бичгийн улсын олимпиадад оролцож эхний гурван байрт орно гэж өөртөө зорилт тавьсан. Харамсалтай нь Улаанбаатар хотод очоод, өглөө нь олимпиад эхлэх өдөр нь ар гэрийн асуудлаас болж буцаж ирсэн. Энэ жил аймгийн хэмжээнд болох олимпиадуудад шавь нарынхаа хамт оролцохоор бэлдэж байна. Боломж гарвал улсын олимпиад, уралдаануудад орох бодолтой байна.

Та дээр оюутан байхдаа Я.Цэвэл гуайн 30 мянган үгтэй толь бичгийг цээжилсэн гэж хэллээ. Тухайн үед цээжилсэн үгсээ одоог хүртэл санаж байдаг уу?

- Одоо толь бичгийн хүрэлцээ хангалттай болсон. Тэдгээрийг унших явцад урьд нь цээжилсэн үгнүүд амархан сэргэдэг юм байна. Хэл судлаач, доктор Г.Бадамдорж гуай монгол бичгийг сурахын тулд нэг үгийг дор хаяж 10 удаа хуулж бич гэж зөвлөдөг байсан юм. Тэр хүний зөвлөсний дагуу Я.Цэвэл гуайн толь бичигт орсон 30 мянган үгийг 300 мянга болгож хуулж бичсэн хүн дээ. Тэр үед бичсэн дэвтрүүд маань одоог хүртэл байна.

Цаашид төлөвлөж байгаа ямар ажлууд байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2025 оноос албан хэрэг хөтлөлтийг монгол бичгээр давхар хөтлөхөөр шийдвэрлэсэн байгаа. Засгийн газраас холбогдох төлөвлөгөөг нь баталсан. Уг ажилд бэлтгэх ажлын хүрээнд өнгөрсөн 10 дугаар сараас сургуулийн удирдлагуудтай тохиролцож сайн дураараа долоо хоног бүр монгол хэлний дүрмийн сургалт явуулж  байна. Үүний дараа монгол бичгийн сургалт явуулна. Багш нар маань маш идэвхтэй оролцож байгаа.

Таны мэргэжилтэйгээ холбоотой мэдээллийг хаанаас авч байна?

- МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонин, “Эх хэл бичиг”, “Уламжлал” сэтгүүлүүдийг алгасалгүй захиалж уншдаг. Дээрх гурван сонин, сэтгүүлийг эх хэл, үндэсний бичигт ээлтэй хүн бүр, тэр тусмаа монгол хэл, бичгийн багш нар заавал захиалан унших ёстой хэмээн бодож байна. 

Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ