Хүнсэнд хэрэглэх боломжгүй хэмээн дүгнэсэн цагаан будааг Улаанбаатар хот руу буцаан ачуулжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-06 14:10:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нэгэн компаниас Баян-Өлгий аймгийн иргэн А-д борлуулалтын зорилгоор нийлүүлсэн 33,9 тонн цагаан будааг Мэргэжлийн хяналтын газраас хүнсэнд хэрэглэх боломжгүй гэж дүгнэжээ.

Цагаан будааг өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр нийлүүлсэн байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид тухайн бүтээгдэхүүнээс дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ургамал хорио цээр, хими, хор судлал, эрүүл ахуйн нян судлалын лабораторид хоёр удаа шинжлүүлжээ. Шинжилгээний дүнгээр хэвийн бус гадны амт, үнэртэй гарсан бөгөөд холбогдох стандартын шаардлагыг хангаагүй, хүнсэнд хэрэглэх боломжгүй хэмээн дүгнэжээ.

Дүгнэлтийг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу цагаан будааг өнгөрсөн долоо хоногт нийлүүлэгч компанид Улаанбаатар хот руу татан авалт хийлгэжээ.

Харин чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн уг хэргийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын харьяанд шилжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ