Б.Очирбат:Хэн ч санаачилж байгаагүй, зөвхөн намайг тодорхойлох бүтээл хийхийг зорьдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 17:17:15

Ховд аймагт үндэсний хэв маягийг тусгасан өвөрмөц бүтээн байгуулалт сүүлийн үед аялагч, амрагчид, хол ойрынхны сонирхол татаж байгаа юм. Монгол гутал, тарвас, морин хуур зэрэг усан сангуудын өвөрмөц бүтээн байгуулалт хийсэн “Бат дайчин” ХХК-ийн захирал Б.Очирбаттай ярилцлаа.

 

-Таны үндсэн мэргэжил юу вэ? Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Би ХААИС-ийг архитектур мэргэжлээр төгссөн. Дунд сургуульд байхдаа дүрслэх урлаг, технологийн олимпиадад тогтмол оролцдог, аливаа зүйл хийж бүтээхдээ оролдлоготой, дуртай хүү байлаа. Ингэж явсаар энэ мэргэжлээ сонгосон доо. Хүн өөрийн дуртай мэргэжлээ эзэмшинэ гэдэг чинь сайхан зүйл шүү дээ. Зурах, бүтээхэд дурлаж явахдаа л энэ миний амьдрал юм байна гэдгийг ойлгосон гэж хэлж болно.

-Хотын өнгө үзэмжийг нэмэх олон сайхан хөшөө дурсгалыг та хийж бүтээсэн. Анх энэ бүтээлүүдийг хийх санаа яаж төрөв?

-Ер нь л үндэсний гэх тодотголтой зүйлс маань бага багаар биднээс холдож байгааг ажигласан. Би ч гэсэн өөрөө өдөр тутмын амьдралдаа үндэснийхээ хувцас хунар, эд зүйлсийг хэрэглэж байгаа юм алга. Бүгд тогтмол хэрэглэхгүй байгаа ч гэсэн өдөр тутамдаа харж байгаасай, мартахгүй байгаасай, хойч үе маань мэддэг байгаасай гэсэн үүднээс эдгээр хөшөө дурсгалыг санаачилж бүтээсэн. Гэхдээ энэ нь зөвхөн үзэмж талаасаа биш бас ашигтай байх ёстой гэж бодсон.

Би хөшөө дурсгалаа хийхдээ их олон зүйл бодож бүтээсэн. Жишээ нь гэхэд эдгээр хөшөө, баримал бүгд аварга байгууламж. Үүгээрээ Гиннесийн номонд бүртгэгдэж дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Хамгийн том хос гутал, тарвас, домбо гэх мэт. Бэлгэдлийн хувьд бүгд дээшээ харсан сав. Дээшээ харсан сав ашиг орлогыг бэлгэддэг. Аймаг орон нутаг маань олз омогтой байгаасай, хөгжиж дэвшээсэй гэж бэлгэдэж эдгээр бүтээлээ хийсэн. Зориулалтын хувьд зүгээр нэг хөшөө дурсгал биш, борооны усыг өөртөө агуулж, ногоон байгууламжийн услалтын системд ашигладгаараа онцлогтой.

-Таны бүтээлүүд хийгдсэнээс хойш манай аймгийн услалтын системд өөрчлөлт орсон уу? Та энэ талаар судалж үзсэн үү?

-Яг тэгж нөлөөлсөн гэсэн нарийн тоо баримт байхгүй л дээ. Миний энэ бүтээлүүдтэй зэрэгцээд Ховд хотын ногоон байгууламжууд хийгдсэн. 4-н замын уулзвар болон “Их буян” захын урдуур явж байгаа ногоон байгууламж бүхий цэцэрлэгүүдийн зураг төслийг би бас бүгдийг нь гаргасан. Жишээлбэл явган хүний замын хажуугаар тэгш гадаргуу дээр тарьж байснаас өнгөлгөөний тоосгоор хашаад, дээшээ өндөрлөөд, хүний хөлнөөс холдуулаад өгвөл илүү сайн ургана, тэгээд энгийн хоолой гүйлгэж усалгаагаа шийдсэнээс ийм бүтээн байгуулалтуудаар шийдэж өгвөл илүү зохимжтой гэх мэт санаануудыг би гаргасан.

-Өөр аймгуудад ийм үндэсний онцлогийг харуулсан бүтээн байгуулалт хийсэн үү? Бусад аймгуудаас хийлгэх санал ирж байна уу?

-Өнгөрсөн жил Увс аймгийн даншигаар том Ихэл хуур хийсэн. Гэхдээ тэр ямар нэгэн усалгааны системийн зориулалтаар биш зөвхөн хөшөө дурсгал чиглэлээр боссон. Өнгөрсөн жил Дөргөн сумын залуучуудтай хамтран Адуучин тэмцээнийг зохион байгуулаад Алтан унаганы хөшөөг босгосон. Сүүлийн үед хүмүүс олон сайхан тэмцээн уралдаан, арга хэмжээ санаачлаад зохион байгуулж байгаа боловч тухайн үедээ баярлаж цэнгээд, сүүлд нь үлдэж хоцорсон юу ч байхгүйгээр хэсэг хугацааны дараа мартагддаг байдал түгээмэл ажиглагдаж байна. Үүнийг арай шинэлэг хэлбэрээр, зөвхөн хэдэн өдөр баярлаад өнгөрөх биш ийм арга хэмжээ зохион байгуулсан гэдгийг бичиг үсэг, тэмдэглэл, хөшөө дурсгалтай нь үлдээж байя гэж ярьсан. Хүн өөрөө мөнх биш, харин бүтээл нь мөнх байдаг. Өөрийн мэргэжлийн дагуу хөшөө дурсгал сонгоод, үүндээ ач холбогдол өгч, аль болох энгийн хөшөө дурсгал биш,  олон талын үр ашигтай өөр хэн ч санаачилж байгаагүй, зөвхөн намайг тодорхойлох бүтээл хийхийг зорьдог.

-Та өвөрмөц бүтээлээ цаашид үргэлжлүүлж хийх бодол бий юу? Эртний домог түүхт Сангийн хэрэмийг  сэргээх талаар бодож үзэв үү ?

-Одоо мэргэжлийн дагуу гэх юм бол аймгийнхаа зургаан суманд тугны суурь хийж байна. Үүнийгээ сум, аймаг, улсын 3 туг байрлахаар бас энгийн нэг тугны суурь биш арай шинэлэг байдлаар хийнэ.

Миний бас нэг хийхээр төлөвлөж байгаа ажил бол эртний түүхт Сангийн хэрэмийг шинэчлэж, сэргээхээр холбогдох албан тушаалтнуудтай нь хөөцөлдөж байгаа боловч бага зэрэг бүтэл муутай байна. Үүнийг хүмүүс Манжийн амбан амьдарч байсан гээд сэргээхэд жаахан дургүй байдаг бололтой. Гэхдээ нэгэнт бид үүнийг эзлээд өөрийн болгоод авчихсан, дээрээс нь энэ бол бас л түүхийг гэрчлэх хосгүй дурсгал шүү дээ. Хэрвээ үүнийг өмнө нь үүд хаалга нь ямар байсан, ямар цэргүүд хамгаалж байсан гэх мэт бүгдийг нь сэргээгээд, хөшөө дурсгалыг нь босгох юм бол үр хойчдоо үлдээх түүхийн хосгүй дурсгал болоод зогсохгүй, жуулчдыг татах бас нэгэн үзвэр болох боломжтой юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ