Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг иргэдтэй уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-06 09:24:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд аравдугаар сарын 16-наас эхлэн орон нутагт ажиллаж байгаа аж. Тус газрын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт 2019 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд ажиллалаа. Энэ хүрээнд Залуучууд театрын их танхимд олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг таниулах зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг, уулзалтыг зохион байгууллаа. 
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан комиссар Т.Гоцбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар А.Цэдэн-Иш, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Г.Ганбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Ж.Сарангэрэл, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Р.Төрбулаг болон тус аймгийн удирдлагууд, иргэд оролцсон юм. 
Энэ үеэр АТГ-ын видео танилцуулга, https://www.iaac.mn/ цахим хаягийг сурталчилж байгууллага, албан тушаалтны хүнд суртлын талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “110” дугаарын утсаа танилцуулж, авлигын хор хөнөөл, авлигатай тэмцэхэд иргэд ямар үүрэгтэйг танилцуулж, өдөрлөгт оролцсон иргэдийн сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг сонсон, гомдол мэдээлэл хүлээн авсан юм. 

Түүнчлэн иргэд авлигатай тэмцэх ажлыг үр дүнтэй болгох чиглэлээр санал сэтгэгдлээ илэрхийлсэнУулзалтын төгсгөлд Авлигатай тэмцэх газраас иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд бусад оролцогчдоос мэдлэг, чадвараараа шалгарсан иргэдэд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар шагналыг гардуулан өгсөн юм. 

2019 оны 11 дүгээр сарын 05-нд тус ажлын хэсэг 2018, 2019 онд Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймагт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явууллаа.

 

Холбоотой мэдээ