“Түмэн нутгийн соёл-2019” урлагийн наадам 12 дахь жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-05 11:29:30

Сүхбаатар  /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Улсын тэргүүний Түмэнцогт суманд жил бүр зохиодог “Түмэн нутгийн соёл” урлагийн наадам 12 дахь жилдээ амжилттай боллоо. Энэ удаагийн наадамд зургаан багийн 150 гаруй ардын авъяастан оролцож, урлагийн найман төрлөөр өрсөлдсөн юм.

Тус урлагийн наадамд сумын ААНБ-ууд, ахмад настнууд, багийн иргэд гээд бүх хүмүүс хамрагддагаараа онцлог. Тийм ч учраас оролцогчид төдийгүй үзэгчдийн хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болжээ. Жилээс жилд шинэ залуу ардын авьяастнууд тодорч тэр хэмжээгээрээ үзүүлж харуулж буй үзүүлбэрийн чанар чансаа сайжирсан байна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.  

Манай нутгийн хувьд газар газраас цугларсан, гарал угсаа өөр өөр хүмүүс байдаг. Тэр ч утгаараа жил жилд шинэ авьяастнууд төрөн гардаг. Энэ жилийн тухайд шинэ залуу авьяастнууд олноор тодорч байгаад баяртай байна. Оролцогчдын ур чадвар, тайзны соёл, үзүүлж буй үзүүлбэрийн сонголт үнэхээр чанаржсан байна. Энэ бол олон жил зохиосон наадмын маань гол үр дүн гэж харж байна. Цаашид үзүүлбэрийн төрлөө өөрчилье гэж төлөвлөж байгаа. Язгуур урлаг, аман билэг, урлал зэрэг соёлын өв чиглэл рүүгээ анхаарсан үзүүлбэрийг тусгай оруулж өгөх ёстой юм байна гэж дүгнэлээ хэмээн наадмын ерөнхий зохион байгуулагч Түмэнцогт сумын Соёлын төвийн эрхлэгч, МУСТА Х.Эрдэнэдэлгэр хэллээ.

Урлагийн наадмыг шударга болгох үүднээс наадмын шүүгчдээр Хэнтий аймгийн Хан хэнтий чуулгын мэргэжлийн ангийн багш нарыг урилгаар авчирч ажиллуулжээ.

Миний хувьд энэ сумын соёлын салбарынхантай олон жилийн хамтын ажиллагаатай. Гэхдээ энэхүү урлагийн наадмыг анх удаа шүүлээ. Ер нь Түмэнцогтчууд урлаг, спортоороо аймагтаа тэргүүлэгч сум. Энэ нь ч энэ удаагийн урлагийн наадмаас дахин харагдлаа. Хамгийн гол нь шинээр төрөн гарч буй залуу авьяастнуудтай ахмадууд эн зэрэгцэн өрсөлдөж байгаа нь үнэхээр бахархмаар байлаа. Нөгөө талаар зарим байгууллага хоорондоо нэгдэж нэг баг болон оролцож байсан. Энэ нь сум орон нутгийнхан хоорондоо хэчнээн эв эетэй, хамтач байж чаддаг гэдгийг баталж байгаа хэрэг. Тэгэхээр урлаг гэдэг өөрөө бусдыг үргэлж сайн сайхан, эерэг зүйл рүү хөтөлж байдаг гэдгийг л Түмэнцогтчууд харуулж байгааг онцолмоор байна гэж Хан хэнтий чуулгын хөгжмийн багш, МУСТА  Ц.Дугар ярилаа.

 

Сумын Засаг даргын ивээл дор 2007 оноос хойш өдгөө 12 дахь жилдээ болж буй уг наадам хоёр өдрийн турш үргэлжилсэн. Наадмын шилдгийн шилдэг багаар Түмэнцогт сумын ЕБС-ийн хамт олон шалгарсан бол Эрүүл мэндийн төв, аймгийн ОБГ-ын харьяа  аврах салбарын хамтарсан баг, хүүхдийн цэцэрлэг, ХААН банк, эрчим хүчний салбарын хамтарсан багууд удаах байрт шалгарав.

Холбоотой мэдээ