Монголд рублийн зээл олгох боломжийг судална

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-04-14 15:21:41

УЛААНБААТАР. /TASS/. Монголд рублийн зээл олгох боломжийг судалж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.

“Орос, Монголын хооронд зээлийн харилцааг сэргээхэд одоо бидэнд ямар ч хууль эрхзүйн саад байхгүй болсон бөгөөд ийм боломжийг одоо хэлэлцэж байна” гэж С.Лавров Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна.

Лавровын хэлснээр “үүний сацуу хоёр орны Төвбанкууд своп хэлцэлтэй холбоотой яриа хэлцээ хийж байна”. “Мэдээж хэрэг өнгөрсөн онд гарын үсэг зурсан санамж бичигт тулгуурлан Монгол болон Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар үүнийг хэрэгжүүлэх боломж бий” гэж тэрбээр мэдээлжээ.

Зээлийн хамтын ажиллагааны нөхцөл болон хоёр талын худалдааг хөнгөвчлөх тохиролцооны талаар Лавров хэлэхдээ “энэ бүхнийг хоёр талын ашиг сонирхлын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэв.

Монголын Гадаад хэргийн сайд хэлэхдээ “рублийн зээл нь хоёр орны худалдааг тэнцвэржүүлэхэд тус дөхөм болно” гэдгийг дурдлаа.

Своп хэлцлийн асуудлаар хоёр орны Төвбанк хооронд хийж буй хэлэлцээ үндсэндээ дууссаныг Монголын сайд мэдэгдсэн байна. “ОХУ-д тавьсан манай улсын өрийн асуудлыг бүрэн шийдэж дууссан бөгөөд энэ нь хоёр орны харилцаанд шинэ боломжийг нээж байна. ОХУ-аас рублиэр зээл авах улстөрийн сонирхол байгаа бөгөөд хоёр орны Сангийн сайд нар, холбогдох бусад байгууллагууд энэ асуудлаарх хэлэлцээг эхлүүлнэ гэж бодож байна” гэж тэрбээр хэлжээ.

Стратегийн түншлэл

Москва, Улаанбаатар хоёр стратегийн түншлэлийн харилцаагаа цаашид өргөжүүлнэ гэдгээ нотоллоо. Манай хоёр орон олон улсын асуудлаар ойролцоо болон ижил байр суурьтай байдаг гэж Сергей Лавров мэдэгдлээ.

“Монгол бол бидний сайн хөрш бөгөөд цаг хугацаагаар шалгагдсан түнш юм. Бид стратегийн харилцаагаа цаашид өргөжүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. Хоёр орны хооронд бүх түвшинд улс төрийн яриа хэлцээ эрчимтэй явагдаж байна” гэж Лавров хэлсэн байна.

Түүний хэлснээр, хоёр орны Ерөнхийлөгч нар 2014 оны есдүгээр сард Улаанбаатарт уулзахдаа стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулахыг даалгасан билээ. “Өнөөдөр бид энэ даалгаврыг биелүүлж, хөтөлбөрт гарын үсэг зурсан бөгөөд энэ цогц баримт бичгийг амжилттай хэрэгжүүлснээр стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргана” гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ.

“Хоёр орон олон улсын асуудлаар ойролцоо болон ижил байр суурьтай гэдгээ өнөөдөр нотоллоо. НҮБ, ШХАБ зэрэг олон улсын байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлцээгээ бэхжүүлэхээр тохиролцлоо” гэж Лавров хэлжээ.

“Долдугаар сард Монголд Ази-Европын дээд хэмжээний уулзалт болох бөгөөд энэ нь Монгол Улс нь олон улсын тавцанд нэр хүндтэй гэдгийг харуулж байна. Хоёр орны хэлхээ холбоо Орос-Монгол-Хятад гэсэн гурван талын хамтын ажиллагаагаар өргөжин тэлж байна. Гурван орны төрийн тэргүүн нар 2015 оны долдугаар сард Уфа хотод уулзахдаа гурван талын хамтын ажиллагааны “замын зургийг” баталсан бөгөөд одоо Ажлын хэсэг Орос-Хятад-Монголын эдийн засгийн зурвас байгуулах хөтөлбөрийг боловсруулж дуусч байна. Уг хөтөлбөрийг Ташкент хотод долдугаар сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хийх гурван орны төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр батлахаар төлөвлөж байна” гэж Оросын Гадаад хэргийн сайд тэмдэглэн хэллээ.

Худалдаа-эдийн засгийн харилцааны шинэ түвшин

Орос, Монголын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хөтөлбөрт Улаанбаатарт гарын үсэг зурсан нь хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах боломж олгоно гэж Лавров мэдэгдсэн байна.

“Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурсан нь боломж нөөц  нь шавхагдаагүй байгаа хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах ёстой.  Ялангуяа та бүхэнтэй хийсэн уулзалт нь энэ чиглэлд гаргаж буй хамтын хүчин чармайлтад түлхэц өгөх юм” гэж Лавров Монголын Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгтэй уулзахдаа мэдэгджээ.

Сайханбилэг хариуд нь стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурсныг сайшаагаад, “шинэ эхлэл бүрт боломж байдаг” гэж нэмж хэлсэн байна.  

Тэрбээр мөн “Монгол Улсын ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай Засгийн газар хоорондын гэрээг Оросын тал баталсанд” талархаж буйгаа илэрхийлжээ. “Энэ асуудлыг зохицуулсан нь манай хоёр орны хамтын ажиллагааны хувьд шинэ боломжийг нээж байна” гэж Сайханбилэг хэллээ.

Гадаад эдийн засгийн байдал таагүй байгаатай холбоотойгоор Монголтой хамтран хэрэгжүүлж буй эдийн засгийн төслүүдийн үр ашгийг дээшлүүлэх арга замыг эрж хайхад ОХУ бэлэн байна гэж Лавров мэдэгджээ.

“Эрдэнэт” үйлдвэр, "Монголросцветмет", “Улаанбаатар төмөр зам” гэсэн гурван төсөл нь бидний  хамтын ажиллагааны гол тулгуур юм. Бид эдгээр төслүүдийг хамгийн үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх сонирхолтой байна” гэж Лавров хэлсэн байна. Түүний хэлснээр, үүний тулд харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хамтран ажиллах шаардлагатай. “Эдгээр төслүүдийг бид хоёр орон төлөвлөгөөт эдийн засагтай байх үед эхлүүлж хэрэгжүүлж байсан бөгөөд одоо бид зах зээлийн эдийн засагт шилжсэн, тиймээс ажил хэргийг энэхүү бодит байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр явуулах хэрэгтэй” гэж сайд хэлсэн байна.

“Бид дэлхийн эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдлыг харгалзан, ийм хамтын ажиллагааны оновчтой загварыг хайсаар байна. Эрдэнэт үйлдвэр хамгийн хүнд үеийг даван туулж байгаа гэдгийг бид мэдэж байгаа, гэхдээ тус үйлдвэр Монголын төсвийн 20 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд хүчин чадлаа нэмэгдүүлсэн” гэж тэрбээр онцлон хэлжээ.

Орос-Монголын хамтарсан төслүүдийг Засгийн газар хоорондын гэрээнд үндэслэн хэрэгжүүлдэг болохыг тэрбээр мөн дурдсан байна. “Хоёр орны хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгохын тулд ОХУ хэд хэдэн санаачилгыг гаргасан. Бид Монгол Улсын ашиг сонирхлыг харгалзан хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх арга замыг эрж хайхад бэлэн байна. Ийм боломж бий” гэж Лавров хэлсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ