Бүргэдүүд Гималайн нуруу хүртэл нүүдэл хийн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-02 22:52:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн бүргэдчдийн гаршуулаад байгальд буцаан тавьсан бүргэдүүд Гималайн нуруу хүртэл зургаан мянга гаруй километрт нүүдэл хийн буцаж иржээ.   

Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын цармын бүргэдийн нийгэмлэг хамтран өнгөрсөн оны есдүгээр сарын 22-ны өдөр иргэдийн байгальд буцаан тавьсан 10 бүргэдэд GPS дохио дамжуулагч төхөөрөмж суурилуулан явуулсан билээ.

Энэ нь манай улсад цармын бүргэдэд судалгааны зорилгоор дохио дамжуулагч суулгасан анхны туршилт байсан бөгөөд хүний гараас сулласан бүргэдийн үхэл, хорогдол, тухайн нутаг дэвсгэрт байдаг бүргэдүүд холын зайн нүүдэл хийх эсэх, тэдний амьдрах орчин, эзэмшил нутгийн хэмжээг судлах зорилготой юм.

Суурилуулсан GPS дохио дамжуулагч нь нарны туяанаас цэнэг авч, хоёр цаг тутамд судлаачдад бүргэдийн байршлын талаарх мэдээлэл дамжуулж байжээ.

Монголын цармын бүргэдийн нийгэмлэгийн тэргүүн А.Атайн тайлбарласнаар дээрх 10 бүргэдээс Улаанхус сумын бүргэдчин С.Аязбай, Дэлүүн сумын бүргэдчин Б.Өркен нарын бүргэд Гималайн нурууны ар тал буюу Төвөдийн өндөрлөг хүртэл нүүдэл хийжээ. Зарим нь БНХАУ-ын Алтай аймаг болон манай улсын Говь-Алтай аймгийн нутагт очсон байна. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт үлдсэн бүргэдүүд ч байжээ.

Харин дээрх хоёр бүргэдийн Гималайн нуруу хүртэл хол зайд нүүдэл хийсэн шалтгаан нь идэш тэжээлийн олдоцтой холбоотой байх магадлалтай бөгөөд хоёрдугаар сарын эхээр очсон мөрөөрөө буцаж иржээ. Одоо нэг нь ОХУ-ын Кош-Агач мужийн нутаг дахь Ак-Туру ууланд, нөгөөдөх нь Цэнгэл сумын нутагт орчих Цэнгэл хайрхан уулын орчимд амьдарч байгаа ажээ.

Холбоотой мэдээ