Төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн анхны улс боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-29 17:03:20
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан  “38 000 руу тэмүүлье" үйл ажиллагааны үеэр нийслэлийн төв талбайгаас гурван цуврал сансрын бөмбөлөг хөөргөлөө. Сансрын бөмбөлөгт суурилуулсан тусгай төхөөрөмжүүд хөөрөх явцдаа нийслэлийн агаарын чанарыг хэмжих тоон мэдээлэл цуглуулах шинжлэх ухааны чухал даалгаврыг гүйцэтгэж байгаа юм. 


Сансрын бөмбөлгийг ихэвчлэн шинжлэх ухааны зориулалтаар хөөргөдөг. Учир нь агаар мандал даралт багатай учир шинжлэх ухааны туршилт хийхэд хамгийн тохиромжтой орчин болдог байна. 


Харин Улаанбаатар хотын төв талбайгаас хөөргөсөн сансрын бөмбөлөгт агаарын чанарыг хэмжих тусгай төхөөрөмжөөс гадна www.marsa.mn сайтад бүртгүүлсэн 5000 гаруй хүнээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 380 иргэний нэр болон “Бидний бүтээл сансарт” уралдааны шилдэг гурван бүтээл хөөрснөөрөө онцлогтой.



Хоорондоо 30 минутын зайтай хөөрсөн энэхүү гурван сансрын бөмбөлгийг хөөргөхөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монголын Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, Академич С.Дэмбэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцож "Бидний бүтээл сансарт" уралдаанд тэргүүлэгчдэд шагнал гардууллаа. 


Хүүхэд залуус, өсвөр үеийнхнийг шинжлэх ухаанч, бүтээлч хандлагыг дэмжих зорилготой “Бидний бүтээл сансарт” уралдаанд нийслэл Улаанбаатар хот болон Сүхбаатар, Дархан-уул, Баянхонгор, Орхон, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн ЕБС-ын сурагчдын 84 бүтээл ирсэн байна. Үүнээс МУБИС-ийн харьяа Лицей сургуулийн “Цагаан шонхор” баг 1-р байрт, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн “О2” баг 2-р байрт, Глобал олон улсын дунд сургуулийн “Глобал” баг 3-р байрт тус тус шалгарсан байна. 



Монголын Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр: “Сансар судлал бол шинжлэх ухааны оргил юм. Бидний бүтээл сансарт уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс харахад Монголын ирээдүй сэтгэлгээний хувьд дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад бэлэн болжээ. Сансрын шинжлэх ухааныг сонирхдог, хүсэл тэмүүлэлтэй ирээдүйг бэлтгэснээр Монгол Улс өөрийн хөгжил дэвшлийг баттай болгож байна” гэв. 

 

Энэ үеэр сансарт бал сараа тэмдэглэж буй хос, нэг бөмбөрцөгт багтсан Баянхонгор аймгийн гурван сумын 4600 гаруй хүний хүсэл зэрэг уралдаанд ирүүлсэн олон сонирхолтой бүтээлийг үзэсгэлэнд дэлгэсэн байлаа. 



Япон улсын Засгийн газрын харьяа Үндэсний Сансрын Бодлогын Хорооны ахлах зөвлөх Хироаки Акихито: “Монголын дунд сургуулийн олон хүүхэд бүтээлээ ирүүлсэн байгааг хараад их гайхлаа. Эдгээр бүтээлд монгол хүүхдүүдийн сансрын тухай мөрөөдөл шингэсэн байгаа. Монголчууд дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан улсын хувьд сансар огторгуйг "колоничлох" үйлст ч мөн тэргүүлнэ гэдэгт итгэж байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, сансрын бөмбөлөг цаашлаад пуужин хөөргөх боломжтой бүс нутаг. Энэ боломжоо ашиглан дараа дараагийн алхмуудыг хийгээсэй гэж хүсэж байна” гэв. 


Нийслэл хотын төв талбайгаас хөөргөсөн цуврал сансрын бөмбөлгийг Монголын Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн төв, Монгол Коосэн Технологийн Коллеж, Японы Чиба-ийн Технологийн их сургуулийн эрдэмтэн инженерийн баг хамтран хөөргөж, манай улс төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн анхны улс боллоо.








 



Холбоотой мэдээ