Энэ жил модорхог иштэй ургамал их ургасан нь өвөл зузаан цас унах, хүйтэн болохын шинж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-28 21:27:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан, Буянт, Мөст, Алтай, Үенч сумын зарим малчид өвөл, хаврын цаг агаарын шинж тэмдгийг өөр өөрийн ажиглалтаар тайлбарлаж байна.

Энэ зун нийт нутгаар бороо хуртай, өвс ургамал сайн гарсан боловч модорхог иштэй ургамал элбэг ургажээ. Мөн хогийн ургамал гэж яригддаг нэг наст хамхуул, шарилж, агь маш их ургасан аж. Модорхог иштэй ургамал /бут сөөг/ элбэг ургасан жил цас их зузаан орж, хүйтэн өвөл болохын шинж гэж малчид хэллээ.  

Бас ерхөг хөмүүл, таана, олон наст ургамал зэрэг газрын хөрсөнд үржил шимтэй өвс ургахаа больжээ хэмээн малчид ярьж байна. Үүний учрыг тэд тайлбарлахдаа, бэлчээр хуваарьтай ашиглаагүй, малын тооны араас хэт хөөцөлдсөн. Улмаар цөөн тооны малын бэлчээрийг шахаж, 1500-2000 малтай айл ирээд хамар хатгах өвсгүй болгож, цагаан тоос татуулах, газрын хөрс, өвсний үндсийг бараг угаар нь идэж  устгаж байгаатай холбоотой гэлээ.

Мөн ямаа, адуу өвсийг сорчилж иддэг байсан бол одоо газрын хөрсийг бараг л ховх татаж байна. Иймээс бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрт ургадаг шимт өвс ургахгүй байна. Ингэхээр малчид өвлийн улирлыг өнтэй давах, цаашлаад нэгэнт доройтсон бэлчээрийг сэргээх асуудалд санаа зовж байгаагаа ярилаа.

Харин хаана, хэрхэн отор нүүдэл хийх, бэлчээрийг маргаангүй ашиглах, “Хаяа багтахаар бууж, хошуу багтахаар ид” хэмээх өвөг дээдсээс уламжилж ирсэн заншлаараа эв эетэй амьдрахаа илэрхийлж, сум хоорондын хилийн цэс, отрын бүс нутгийг тогтоож өгөөрэй хэмээн сумын удирдлагуудаас хүсэв.

Энэ жил илүү сартай намар гэж цаг тоололд тохиосон хэдий ч албаны эх сурвалж, малчдын өөрсдийн ажиглалтаар намрын сард налайж цаг алдалгүй өвөл, хавартаа сайтар бэлдэх нь чухал гэж салбарын мэргэжилтнүүд анхаарууллаа.

Мөн энэ жил өтөг бууц хар батгана ихтэй бөгөөд хорхой их гарсан. Энэ шинж тэмдэг нь хачиг, хамуу гэх мэт өвчин гарах магадлалтайг харуулж байна. Тиймээс малын эрүүл мэндэд анхаарч ажиллавал зохимжтой гэж ахмад малчид сануулж байв.

Бас мод бөөрөөрөө шарласан учир өвлийн дунд сараас цаг хүндрэх, ятуу шувуу ихээр сүрэглэн хойшоо нисвэл намрын адаг сард дулаан, өвлийн сар хүнд болдог. Тарвага их таргалж эрт ичлээ. Ингэвэл өвлийн сар цас их унадаг гэж ахмад малчид сургадаг байсан. Үхэр оготно, хулгана их  нүүдэллэж алга болсон. Энэ нь өвс ургамал гандах, шим тэжээл муутай болохын шинж гэх мэтчилэн малчид өөрсдийн сонссон сургаал, үзэж туулсан амьдралын туршлагаасаа ярьж байлаа. 

Ховд аймгийн нийт багийн нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлон гаргахад 24 хувь нь бэлчээрийн нөөцтэй. 13 хувь нь хүрэлцээтэй. 29 хувьд даац 1-3 дахин, 9 хувьд 3-5 дахин хэтэрсэн аж. Харин 25 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн  байдалтай байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

 


Холбоотой мэдээ