Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэв

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-27 11:19:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оолтой уулзаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцсон зэргээр Монголын улс төрийн амьдрал өнгөрч буй долоо хоногт өрнөв. Мөн УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэлсэн, Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулахтай холбоотой тогтоолыг баталсан, УИХ-ын дарга Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг хөндсөн нь ч олны анхаарлын төвд байв. 


Ерөнхийлөгч Х.Баттулга Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзлаа



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оолтой энэ сарын 25-нд уулзлаа. Талууд уулзалтаар хөдөө, аж ахуй, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн харилцаа, агаарын тээвэр зэрэг өргөн сэдвээр ярилцсан бөгөөд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Тува болон Монгол Улс санаачилгатай ажиллах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Үүний дотроос гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Кызыл-Курагиногийн төмөр замын төслийн талаар талууд дэлгэрэнгүй санал солилцсон.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Олон улсын “Валдай” хэлэлцүүлгийн үеэр Зүүн хойд Азийн маршрутыг худалдааны ирээдүйтэй зам гэж үзэж буйгаа, мөн энэ хүрээнд Кызыл-Курагино, үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр зам, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа зарласан байдаг. Кызыл-Курагиногийн төмөр замын төсөл нь Тува, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна хэмээн хоёр орны төрийн тэргүүн нар үзэж буй. Тиймээс ч уг ажлыг эрчимжүүлэх хамтарсан ажлын баг байгуулж, эргэх холбоотой хамтран ажиллахаар тохирсон нь энэ уулзалтын гол үр дүн байв.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хаан сэнтийдээ заларсныг тунхаглах ёслолд оролцов



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт энэ сарын 22-нд болсон Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцов. Ёслолын эхэнд Эзэн хаан Нарухито Касикодокоро сүмд морилж Нарны бурханд мөргөж, Төрийн ёслол хааны ордонд үргэлжлэв. Үндсэн хууль, эзэн хааны гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Нарүхито хаан ширээнд сууж Япон Улсад шинэ үе ирснийг зарлав. Эзэн хаан Нарүхито, ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болох үүргээ нэр төртэй биелүүлэхээ тангараглаж, эцэг Акихито 30 гаруй жил хаан ширээнд суухдаа ард иргэдтэйгээ хамт баяр баясгалан, уй гашууг хуваалцаж байсныг онцоллоо.



Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд Япон улстай дипломат харилцаатай 174 улс, түүний дотор 70 гаруй хаан, төрийн тэргүүн хүрэлцэн иржээ. Мөн НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллагын дээд түвшний зочин, төлөөлөгч оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч байгаагийн илрэл болсон юм.



Ёслолд оролцохын өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо тус улсын Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзсан. Энэ үеэр Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтаас гадна хоёр орны найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.


Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив



УИХ-ын чуулганы энэ сарын 25 хуралдаанаар, Монголбанкнаас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.


Монголбанк инфляцийг ирэх онд 8 хувь орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулж, тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан. Гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахын тулд нэн тэргүүнд гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэх зорилт тавьсан байна. Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэнэ” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалд дурджээ. Тогтоолын төслийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.


Сүүлийн 3 жилд Монголбанк эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, гадаад өрийн дефолтоос зайлсхийж, эрсдэлийг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлж, дархлааг сэргээхэд чиглэсэн бодлого баримтлан ажилласан. Эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 2017, 2018 онд шат дараатай бууруулснаар банкны салбараас бодит эдийн засаг руу нийлүүлэх санхүүжилт өсөж, зээлийн хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд чухал дэмжлэг болсон юм. Улмаар хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт болон импортын өсөлт эрчимжиж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр сүүлийн 2 жилд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого, татварын орлого сайжирсан, ажилгүйдлийн түвшин буурсан үр дүн гарсан.

 

Жалгас Жумаевич Адилбаев: Монгол, Казахстаны харилцаа шинэ шатанд гарсан



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан чухал ач холбогдолтой болсныг Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев онцлов.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 10-12-нд БНКУ-ын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамины урилгаар тус улсад албан ёсоор айлчилсан. Уг айлчлалын үр дүнгийн талаар БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев энэ сарын 23-нд хэвлэлийн хурал хийсэн юм.


Айлчлалын хүрээнд холбогдох албаныхан Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай бичиг баримтад гарын үсэг зурсан. Мөн Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай зэрэг бичиг баримтад гарын үсэг зурсан юм. Айлчлалын хүрээнд болсон хоёр орны бизнес форум нь соёл урлаг, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтаас эхлээд бүхий л салбарыг хамруулснаараа онцлогтой, үр дүнтэй байсан гэдгийг Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев дурдсан.


Бизнес уулзалтын үеэр Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ төлбөргүй өгсөн юм. Түүнчлэн бас нэгэн томоохон ач холбогдолтой бичиг баримт бол Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх асуудал юм. Өөрөөр хэлбэл, Монголын их сургууль төгсөгчдийн дипломыг Казахстанд, манай улсын их сургуулиудын дипломыг Монголд хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Манай улсын Засгийн газраас Монголын оюутан, залууст зориулж Назарбаевын нэрэмжит сургуульд сурах 25 тэтгэлгийг жил бүр олгохоор судлаж байна.


Мөн Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа цухас танилцуулав. Тухайлбал, ирэх жил Монгол, Казахстаны Засгийн газрын комиссын хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Одоогоор Улаанбаатар-Нур-Султан хотын хооронд Казахстаны СКАТ авиа компани шууд нислэг үйлдэж эхэлсэн. Энэ нь хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж олгож буй юм. Тиймээс Улаанбаатар-Алмата хотын шууд нислэг нээхээр төлөвлөж байгаагаа хэллээ. Тэрбээр, “БНКУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлах урилгатай байгаа. Энэхүү айлчлалыг зохион байгуулахаар Элчин сайдын яам ажиллаж байна. Үүний дараа хоёр орны Ерөнхийлөгч нарын харилцан айлчлал болох байх гэсэн хүлээлттэй байна” гэлээ.


Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоов



УИХ-ын чуулганы энэ сарын 25-ны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” тогтоолыг батлав.


Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-нийг хүртэл тогтоожээ. Мөн гурав дахь хэлэлцүүлэг хийх бэлтгэл ажлыг хангахыг УИХ-ын зургаадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулсан ажлын баг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газарт тус тус даалгахаар тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, таниулахыг УИХ-ын нийт гишүүнд даалгахаар тусгасан байна.


“Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” УИХ-ын есдүгээр сарын 11-ний 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан. Ингэснээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах эсхүл 73 дугаар тогтоолыг дахин хэлэлцэж, чамбайруулах гэсэн хоёр сонголт үлдсэн. Харин УИХ-аас гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх товыг тогтоосноор ард нийтийн санал асуулга явуулахааргүй болж буй юм. Ирэх долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл заалтуудыг чамбайруулах саналуудаа нэгтгэхээр зөвшилцөх юм.


Г.Занданшатар: СЗХ, Монголбанкны удирдлагад хариуцлага тооцно



УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага /FATF/-ын "саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/, Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох болсноо энэ сарын 23-нд мэдэгдэв.


Тэрээр СЗХ-ны дарга С.Даваасүрэнтэй уулзаж, Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдлын талаар ярилцав. Энэ үеэрээ тэрбээр, "Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой. Энэ шаардлагыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзахдаа ч тавьсан” хэмээсэн юм.


"Монгол Улс FATF-ын "саарал жагсаалт"-д байгаа 12 улстай харьцуулахад, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудлаар хүндэрсэн орон биш юм. Гэвч Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, түүний хэрэгжилтийн байдал, Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд дүрмийн сангаа нэмсэн зэрэг нь нөлөөлсөн. Ерөнхийдөө Монгол Улс 33 их наяд төгрөгийн далд эдийн засагтай болсон байна" хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэв.


Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага FATF-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх болон улсын эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан ч гадаадад болон дотооддоо итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөл бүрдүүлж чадсангүй. СЗХ санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагуудын ажил, удирдлага, зохион байгуулалтад эрс шинэчлэл хийх зайлшгүй нөхцөл үүссэн хэмээн УИХ-ын дарга үзэж байгаа аж.

Холбоотой мэдээ