Елена Батурина Оросын хамгийн баян эмэгтэйгээр дахин тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-24 15:08:22

МОСКВА. /TASS/. Үл хөдлөх хөрөнгийн "Интеко" компанийн ерөнхийлөгч Елена Батурина “Forbes” сэтгүүлээс гаргадаг Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг дахин тэргүүлжээ. Тус сэтгүүл Елена Батуринагийн хөрөнгийг 1.2 тэрбум ам.доллароор үнэлсэн байна.


Дээрх жагсаалтын хоёрдугаарт, 1 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй “Wildberries” хувцасны онлайн дэлгүүрийн ерөнхий захирал Татьяна Бакальчук оржээ. Тэрбээр нөхөр Юрий Ковальчукийн хамт "Большой дом 9” компанийн хувьцааны 49.9 хувийг эзэмшдэг байна. Тус компани нь Оросын даатгалын хамгийн том компани – “Согаз” группийн хувьцааны 32.3 хувийг шууд бусаар хянадаг ажээ.


Жилийн өмнө жагсаалтын хоёрдугаар байрыг хөл бөмбөгийн "Монако" клубын ерөнхийлөгч бөгөөд эзэн, тэрбумтан Дмитрий Рыболовлевын гэргий асан Елена Рыболовлева эзэлж байв. Харин энэ жил Елена дөрөвдүгээрт орсон байна. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 600 сая ам.доллараар үнэлжээ. Өнгөрсөн жилийн жагсаалтын дөрөвдүгээрт Агаарын тээврийн "Сибирь" болон "Глобус" компанийн гол эзэмшигч Наталия Филева  бичигдиж байв. Наталья Филева өнгөрөгч гуравдугаар сарын эцсээр Германд нисэх онгоцны ослоор амиа алджээ.


Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын тавдугаарт “Прогресс Капитал” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, “Лебедянский” үйлдвэрийн хувьцааг эзэмшиж байсан Ольга Белявцева оржээ. Тэрбээр 550 сая ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй аж.


Жагсаалтын эхний 10-т мөн хөрөнгө оруулалтын “TPS Real Estate” компанийн хамтран эзэмшигч Лилия Ротенберг /500 сая ам.доллар/, "Новатэк" компанийн удирдах зөвлөлийн гишүүн, хуулийн газрын захирал Татьяна Кузнецова /460 сая ам.доллар/, хөдөө аж ахуйн томоохон компани "Содружество" –г хамтран эзэмшигч Наталья Луценко /425 сая ам.доллар/, "Черкизово" группийн хамтран эзэмшигч Лидия Михайлова /415 сая ам.доллар/, "Фосагро" компанийн багц хувьцаа эзэмшигч Евгения Гурьева /390 сая ам.доллар/ нар багтжээ.





Холбоотой мэдээ