Волейболын дээд лигийн тэмцээн 7 жилийн дараа сэргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-24 13:26:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 7 жил завсарласны дараа дахин сэргэж 10 дугаар сарын 25-наас эхлэхээр болжээ. Зохион байгуулагчид нь өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхдээ энэ тухай мэдээлэв.



Монголын волейболын дээд лигийн тэмцээн 1995 оноос 2012 он хүртэл тасралтгүй явагдсан, волейбол сонирхогчид хамгийн их үздэг байсан юм.

МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан: “МВХ-ны ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан, өдгөө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд манай холбооноос Дээд лигийн тэмцээнийг сэргээж хамтран зохион байгуулах санал дэвшүүлснийг ийнхүү хүлээн авч волейбол сонирхогчид хүсэн хүлээсэн тэмцээнээ дахин үзэхээр боллоо. Тэмцээний нэгдүгээр тойрог маргааш /2019.10.25/ "Хасу Мегаватт" ХХК-ийн "ЭКО Спорт цогцолбор"-т эхлэх юм. Дээд лигийн тэмцээнд “Алтайн барс” клубийн эрэгтэй, эмэгтэй баг, “Тэнүүн-Огоо” багаас 2 баг /эр, эм/ Эрдэнэтийн “Уурхайчин” клуб 2 баг /эр, эм/, “Эрчим” клуб 1 баг /эр/, Булган аймаг 1 баг /эр/, “Хобби эс” клуб 1 баг /эм/, Инагурэ эмэгтэй 1 баг, “Дархан Сеть” эмэгтэй 1 баг, “Хос бар” эрэгтэй 1 багаа тус тус оролцуулна. Тухайн багуудад 2-оос дээшгүй “Лигонер” тамирчин /гадаад/ байж болно. Энэ удаа миний дуулснаар ОХУ, Японоос лигонер тамирчид ирж байгаа гэсэн. Тэмцээн эхлэхээр аль баг хаанаас лигонер авчирсан нь тодорхой болох байх. Волейболын спорт өнөөдөр нийслэл хотоос илүүтэй хөдөө орон нутагт хүүхэд залуус, бүх насны хүмүүсийн дунд өргөн хүрээнд хөгжиж байна. Тиймээс ч Орхон аймагт Лигийн нээлт болон 2 дугаар тойргийн тоглолтыг зохион байгуулна. Улаанбаатарт 3 дугаар тойргийн тоглолт үргэлжилж 12 дугаар сарын 2-6-нд шигшээ тоглолт болно. Энэ удаагийн тэмцээний ивээн тэтгэгчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гадна волейболын бөмбөг үйлдвэрлэгч “Микаса” /Mikasa/ фирмийн албан ёсны дистрибьютер компани, Спортын хувцасны дэлгүүр, “Вояж” /цэвэр ус/ ХХК зэрэг компани ажиллаж байгаа. Дээд лигийн шагналын сан 70 сая төгрөг бөгөөд тэргүүн байр 15 сая төгрөг, дэд байр 10, гуравдугаар байр 8 сая төгрөг байх юм” гэлээ.

Тус хэвлэлийн бага хуралд оролцсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт цогцолборын дарга Ш.Даваахүү: “Энэ удаагийн Дээд лигийн тэмцээний 2 дугаар тойргийн тоглолт Орхон аймаг явагдах бөгөөд 11 дүгээр сарын 7-нд тэмцээний нээлтийн ёслол болно. Улмаар 11 дүгээр сарын 8-10-нд Эрдэнэт хотод зохион байгуулна. Тэмцээнийг Монгол телевизээр шууд дамжуулна" хэмээн ярьсан юм.


Холбоотой мэдээ