Буриад бол Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны уулзвар цэг мөн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-13 16:26:05

УЛААН-ҮД. /asiarussia/. Монгол-Буриадын эдийн засгийн харилцаа гүнзгийрэх нь дамжиггүй. “АРД” цахим хуудсын нийтлэлч Глеб Рюмин визгүй журамд шилжсэний дараах эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд дорх дүгнэлтийг хийжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт эхлээд жижиглэнгийн худалдаа болон аялал жуулчлалыг авч үзье.

2014 онд визийн журмыг цуцалсан нь эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд нөлөөлсөн гэдгийг энд дурдах нь зүйтэй. Буриадын Эдийн засгийн яамны мэдээллээр, виз цуцалсны үр дүнд 2015 онд Орос-Монголын хилийн Буриадын хэсэгт байрладаг шалган нэвтрүүлэх цэгүүдээр Монголын 417 508  иргэн нэвтэрсэн байна. Монголчууд хилээр нэвтэрсэн гадаадын нийт иргэдийн 94.7 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 220 хувиар өссөн үзүүлэлт юм.

Монголоос ирэх зорчигчдын урсгал жижиглэнгийн худалдааны эргэлтэд нөлөөлжээ. Өнгөрсөн онд жижиглэнгийн худалдааны эргэлтийн хэмжээ 162 тэрбум рубль болсон нь өмнөх оныхтой харьцуулахад 23.8 тэрбумаар давсан үзүүлэлт гэдгийг Буриадын Эдийн засгийн яамны мэдээлэлд дурдсан байна. Харин Эрхүү муж болон Өвөр Байгалын хязгаарт энэ үзүүлэлт ихээр буурчээ.

Монголоос ирэх иргэдийн урсгал нь мөн 2014 онд унасан рублийн ханшийг өсгөсөн гэдгийг онцлон дурдах хэрэгтэй.

Одоо Монголын иргэдийн хувьд Оросын өндөр чанартай бүтээгдэхүүнүүд хамаагүй хямд, илүү хүртээмжтэй болсон бөгөөд бүр Зөвлөлтийн үеэс л монголчууд Оросын бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах дуртай байсан билээ. Түүний зэрэгцээ, монголчууд ч мөн адил бараа бүтээгдэхүүнээ Буриадын зах зээлд нийлүүлсээр байгаа. Тухайлбал, Монголын лаазалсан бүтээгдэхүүний “Газар шим” үйлдвэр болон “Хүнс комплекс” хиамны үйлдвэр 2015 оны 11 дүгээр сард “Улаан-Үдийн үзэсгэлэн” компаниас зохион байгуулсан хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцжээ.  

Эдгээр үйлдвэрүүд хиам болон нөөшилсөн махныхаа дээжийг танилцуулсан байна. "Народная марка” амталгааны тэмцээний үеэр энэ хоёр үйлдвэрүүдийг “Үзэсгэлэнд идэвхтэй  оролцсоны төлөө” болон “Чанартай бараа” дипломоор шагнажээ. Монголын бүтээгдэхүүнүүд үнэхээр чанартай байсныг үзэсгэлэнг үзэхээр ирсэн хүмүүс онцолж байлаа.

Түүнээс гадна, 2015 оны 12 дугаар сард Улаан-Үд хотын “Capital Mall” худалдааны төвд Монголын бараа бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. Хотын оршин суугчдад голдуу ноолуур болон арьсаар хийсэн нэхмэл болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн байна. Монголын бараа маш сайн борлогдсон учир дахин ийм арга хэмжээ зохион байгуулна гэж уг үзэсгэлэнг зохион байгуулагчид ярьсан юм.

Энд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг хөндөх хэрэгтэй. Монголчууд мал аж ахуйгаар эртнээс алдартай. Эдийн засгийн хоригт өртсөн энэ үед Монголоос чанартай мах нийлүүлэх боломжтой гэж Буриадын эрх баригчид үзэж байгаа юм.

Хүчтэй ган гачиг болсны улмаас монголчууд 2015 онд ОХУ-д 20 сая орчим тоо толгой мал санал болгосон боловч Оросын хорио цээрийн хяналтын тухай хуулийн онцлогоос шалтгаалж асуудал шийдэгдээгүй юм. Одоо Монголын махыг Хятад руу гаргаж байна. Харин манай улс хэдийгээр хэрэглээгээ дотоодод үйлдвэрлэсэн махаар хангах зорилт тавьсан боловч Беларусь, Өмнөд Америкийн орнуудаас мах импортлохоос аргагүй болж байна. Энэ асуудлыг Москватай хамтран шийдэх нь зүйтэй.

Хоёр орны худалдаа зөвхөн хэрэглээний болон хүнсний бараа бүтээгдэхүүнүүдээр хязгаарлагдахгүй гэдгийг дурдья. Монголчууд Оросоос ачигч, бульдозер зэрэг хүнд техникүүдийг худалдан авдаг. «Ростсельмаш» компани комбайн нийлүүлж байна.

“Arctic Trucks International” олон улсын компанийн борлуулагч компани болох Оросын “Arctic Trucks Russia”-гийн төлөөлөгчид жип машины тоног төхөөрөмжийг тусгайлан нийлүүлэх асуудлыг хэлэлцэхээр Монголд дөрөвдүгээр сарын 1-нд айлчилсан.

Тимлюйскийн цементийн үйлдвэр Монголд экспортлох өнгөт шифер үйлдвэрлэж байна.

Буриадын Эдийн засгийн яамны мэдээллээр, 2015 оны 9 сарын хугацаанд тус улсын гадаад худалдааны эргэлт 2014 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.1 хувиар өсчээ.

Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа

Тус яамны мэдээллээс үзвэл, виз цуцалснаас хойш Монголоос ирэх жуулчны урсгал нэмэгдсэнийг Буриадын аялал жуулчлалын оператор компаниудын ихэнх нь онцлон дурдаж байна. Үүнээс харахад, зочид буудлуудын ашиг орлого ихээхэн нэмэгдсэн гэж хэлж болно. Байр сууцаар хангах  үйлчилгээний хэмжээ 2015 онд 10.6 хувиар өсч, 987.5 сая рубльд хүрсэн байна. Буриадад зорчих Монголын иргэдийн тоо өссөнөөр тус улсын үйлдвэрүүдийн жижиглэнгийн худалдаа, үйлчилгээны салбар болон аялал жуулчлалын бизнесийн ашиг орлого өсчээ.

Визгүй зорчих болсны ачаар Хиагт дүүрэгт “Хиагт” автомашины аялал жуулчлалын кластерыг барьж эхэлснийг нэмж дурдаж болно. Энд техникийн үйлчилгээ үзүүлдэг станцууд, Монголын иргэдэд тав духтай аялахад нь зориулсан зочид буудлууд, кафе байрлах юм. Уг объектын инженерийн болон аялал жуулчлалын дэд бүтцийг барих ажлыг “ОХУ-ын дотоод болон гадаад аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилтот хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа юм.

Автомашины аялал жуулчлалын кластерыг мөн Монд шалган нэвтрүүлэх цэгийг нээсний дараа Буриадын Тукинск дүүрэгт барихаар төлөвлөжээ.

Түүнчлэн “Цайны агуу их зам” олон улсын аялал жуулчлалын төслийг энэ онд эхлүүлснийг дурдах хэрэгтэй. Уг төсөлд Цайны агуу их замын дагуу оршдог хотуудын дагуу төмөр замын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тусгасан байна. Төслийн гол түнш нь ОХУ болон Хятад улс юм. Гэхдээ аялал жуулчлалын уг чиглэл Монголоор бас дайрдаг.

Цахилгаан эрчим хүч нийлүүлэх салбарын хамтын ажиллагаа

Гусиноозерскийн /Галуут нуур/ цахилгаан станцыг анх Монголд эрчим хүч нийлүүлэх зорилгоор барьсан байна. Гэвч одоогоор монголчууд илүү хямдыг нь харгалзан Эрхүү мужаас эрчим хүч авч байгаа юм. Одоогийн байдлаар Монголд “Багануур” дулааны цахилгаан станцыг барьж байгаа бөгөөд “Тавантолгой” дулааны станц болон Баян-Өлгий аймагт дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байна.

“Шүрэн”-гийн усан цахилгаан станцын барилгын ажлын төсөл Байгал нуур болон Сэлэнгэ мөрний сав газрын экологийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэх шалтгаанаар Монгол, Буриадын харилцаанд зарим нэг хүндрэл учруулсан. Ер нь бол, Монгол Улс ОХУ-аас эрчим хүчээр хараат бус  болох зорилготой гэдгийг эндээс харж болно.

Хэдийгээр рублийн ханш унасан нь Монголын бараа бүтээгдэхүүний үнийг бага зэрэг өсгөсөн боловч чанартай гэдэг утгаараа Буриадад ихээхэн эрэлттэй байх төлөвтэй байна. Монголын сүлжмэл даавуун хувцас, гутал, бэлэг дурсгалын зүйлсийг Буриадын зах зээлд эртнээс борлуулж байгаа билээ. Цаашдаа Монголын хүнсний бүтээгдэхүүн Буриадын зах зээлд их хэмжээгээр нэвтрэх төлөв харагдаж байна.

Гэхдээ энэ бүхэн бодитой зүйл эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Ямартай ч Буриад бол Орос, Монголын хамтын ажиллагааны уулзвар цэг учраас эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрэх нь дамжиггүй.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ