Армийн спортын наадмаас Монголын жүдочид 2 хүрэл медаль хүртэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-22 14:23:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Үхань хотноо Дэлхийн армийн спортын 4 жил тутамд зохион байгуулдаг Армийн спортын VII наадмаас Монголын баг тамирчдаас жүдо бөхийн 60, 66 кг жинд ОУХМ Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртжээ.


Дэлхийн 140 гаруй улсын армийн шилдэг тамирчдын өрсөлдөөнд Монголын баг тамирчдын амжилтын буухиаг эхлүүлсэн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд БНАСАУ, Бразил болон Тунис бөхчүүдийг ялж хагас шигшээд БНСУ-ын Ким Вон-Жинтай барилдсан. Тэрбээр энэ барилдаанд ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчинг ялж хүрэл медалийн эзэн болов.


Мөн 66 кг-д өрсөлдсөн Б.Эрхэмбаяр Итали, ОХУ-ын бөхийг ялж, дараагийн тойрогт Узбекстаны бөхөд хожигдож торгуулийн барилдаан хийхээр болсон. Б.Эрхэмбаяр торгуулийн барилдаанд 3 барилдаан хийж бүх өрсөлдөгчөө цэвэр хожиж хүрэл медаль хүртсэн байна.

Холбоотой мэдээ