"Улаанбаатарын нэг өдөр" гэрэл зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-21 18:51:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Монголд анх удаа 24 цагийн хугацаанд зураг авах “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн уралдааныг зарласан юм. Наймдугаар сард "Дэлхийн гэрэл зургийн өдөр"-өөр зарласан энэ уралдааныг дүнг өнөөдөр танилцуулан шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.

Нийслэл хотынхоо өнгө төрхийг аль болох гэрэл гэгээтэйгээр харуулж, ард иргэдийн аз жаргалтай, баяр баясгалантай агшныг гэрэл зургийн хальснаа буулгах нь уг уралдааны гол зорилго байжээ. 

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэхдээ аль болох иргэдийн оролцоог бий болгох, тэдэнд үлдэцтэй бүтээлч ажил хэрэгжүүлэх шийдвэрийн дагуу Нийслэлийн ЗДТГ, Монголын гэрэл зургийн холбоотой хамтран гэрэл зурагчдын дунд өнгөрөгч наймдугаар сард хувиарласан сэдвийг сугалуулан, тухайн сэдвийнхээ хүрээнд 24 цагийн дотор гэрэл зураг авах 5.5 сая төгрөгийн шагналын сантай уг уралдааныг зохион байгуулсан. “Хамаг бүхэн бороо шиг арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэсэн үг бий. Өөр өөрийн гэсэн өвөрмөц өгүүлэмжээр дахин давтагдашгүй мөчийг мөнхөлсөн гэрэл зурагчдын мэлмий тунгалаг, мэдрэмж сэргэг байх болтугай” гэлээ.

Мэргэжлийн ангилалд 28 хүний 129 гэрэл зургаас тэргүүн байрыг Э.Цэнд-Аюуш, дэд байрыг Э.Төрбат, гуравдугаар байрыг Б.Билэгдэмбэрэл нар хүртсэн байна. Сонирхогчдын төрөлд 23 хүний 110 бүтээлээс С.Манас тэргүүн байр, Ц.Балжиннямын бүтээл дэд байранд шалгарчээ.

Нийслэлийн түүхт ойг тохиолдуулан зохион байгуулсан гэрэл зургийн уралдаанд оролцогчдын шилдэг 35 бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд гарч байна.

Холбоотой мэдээ