Ч.Хүрэлбаатар: FATF-ын дараагийн хурлаар саарал жагсаалтаас гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-21 19:03:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллага /FATF/-ын "Саарал жагсаалт"-д орсон ч санхүүгийн ямар нэгэн хориг арга хэмжээ авахгүй, эдийн засагт савалгаа үүсэхгүйг УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээллээ. Тус бүлэг өнөөдөр хуралдаж, Саарал жагсаалттай холбоотой асуудлаар холбогдох албаныхны мэдээллийг сонссон байна. 


Монгол Улс FATF-д 2004 онд элссэн. Тус байгууллагаас Монгол Улсын банкны салбарын 2013-2016 оны ажилд үнэлгээ хийжээ. Учир нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 онд батлагдах үед Монгол Улсын хөрөнгийн хэмжээ 34 их наяд буюу 150 хувиар нэмэгдсэн нь FATF-ын анхааралд өртсөн байна. Тиймээс тус байгууллагаас 40 заалт бүхий зөвлөмж өгч, эрчимтэй хяналтдаа авсан. Уг зөвлөмжөөс манай улс дөрвөөс бусдыг нь биелүүлж, эрчимтэй хяналтаас өргөтгөсөн хяналтад шилжсэн гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэллээ. Тэрбээр, "Энэ сарын 16-18-нд Парист болсон FATF-ын хурлаар манай улсыг "Саарал жагсаалт"-д оруулах болсноо зарлалаа. Учир нь мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүхээс шийдвэр гаргадаггүй, хөрөнгө хураагдахгүй байна гэсэн асуудал бий. Мөн манай улсад ажиллаж буй Хойд Солонгосын 2000 орчим ажилчдын асуудал байна. Дээрх хоёр асуудлыг шийдвэрлээд хоригоос ойрын хугацаанд гарах боломжтой. Зөвлөмжөө биелүүлж, тус байгууллагад эргэн мэдэгдэх болно" хэмээв. 


FATF-ын хурлаар Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулахдаа ямар нэгэн санхүүгийн хориг арга хэмжээ авахыг гишүүн улсуудад шаардахгүй гэж мэдэгджээ. Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, "Саарал жагсаалтад орсноор, иргэдийн яриад байгаа шиг гадаад валютын гүйлгээ зогсох, олон улсын карт ажиллахгүй болох эрсдэл байхгүй юм. Учир нь манай улс 2017 онд FATF-ын хяналтад орсноос хойш зарим банкууд харилцаагаа зогсоосон. Одоо харилцаж байгаа банкууд биднийг FATF-ын хяналтад байгаа гэдгээр харилцаж байгаа тул нэмж эрсдэл учрахгүй. Манай улсын хувьд, эдийн засаг өнгөрсөн онд 6.7 хувиар өссөн. ОУВС, Дэлхийн банкнаас цаашид ч өснө гэж тооцож байгаагаа мэдэгдсэн. Монгол Улсын төсөвт ашиг гарсан, гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай, валютын нөөц нэмэгдсэн. Тиймээс эдийн засагт ямар нэгэн савалгаа үүсэхгүй гэж Монголбанк үзэж байна" хэмээв.  


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Саарал жагсаалтад орсон нь буруу бодлого, үйлдлийг шийдэж засахгүй явсны алдаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль үүнд том нөлөө үзүүлсэн. Сүүлийн жилүүдэд Монголбанкны валютын нөөц нэмэгдэж, ирээдүйн өв санд 363 тэрбум ам.доллар хуримтлагдсан байна. Өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн дархлаа бий болгохын төлөө ажиллалаа. Саарал жагсаалтад орсон гэж ханш хөөргөх, сандрах шаардлагагүй. Ерөнхий сайд энэ жагсаалтаас богино хугацаанд гарах арга хэмжээний төлөвлөгөөг бүтэнсайн өдөр хэлэлцэн шийдвэрлэж, санаачилгатай ажиллахыг үүрэгдсэн. FATF-ын дараагийн хурал гэхэд Саарал жагсаалтаас гарна гэдэгт найдаж байна" гэлээ. 

Холбоотой мэдээ