Х.Нурлат: Хувьцааны ногдол ашгийг юунд зарцуулахаа ард иргэдийн саналаар шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-21 17:09:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 тоот тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компаниас орон даяар зохион байгуулж буй "Хуримтлалтай, хувьцаатай иргэн" аян Баян-Өлгий аймгийн Өлгий хотод өнөөдөр нээлтээ хилээ.

Аяны хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Эрдэнэс Тавантолгой” компани зэрэг байгууллагын төлөөллүүд иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдад сургалт хийж, тэдний санал, санаачилгыг сонсох, ногдол ашгийн бодлогод санал авах ажлуудыг зохион байгуулж байна.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлага хариуцсан захирал Х.Нурлаттай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.  


- Сайн байна уу? "Хуримтлалтай, хувьцаатай иргэн" аяны зорилгын талаар мэдээлэл өгөхгүй юу.

- "Хуримтлалтай, хувьцаатай иргэн" аяныг Монгол Улсын 21 аймаг, 330 сумаар явж зохион байгуулж байна. Аян маань иргэдийг хувьцааны тухай мэдээлэлтэй болгох, ойлголтыг нь сайжруулах, өмнө нь нягтлаагүй бичиг баримтуудыг цэгцлэх, ногдол ашгийг хэрхэн хуваарилах тухай иргэдийн саналыг авах зорилготой.

- Орон нутгийн иргэдийн хувьцааны талаарх мэдлэг ямар түвшинд байна гэж үзэж байна?

- Иргэдийн мэдлэг дээшилсэн байна. Ард иргэд маань ч өөрсдөө идэвх, санаачилга гаргаж хувьцааны тухай мэдээлэлтэй байх нь зөв юм. Манайх утаснаасаа шууд санал өгдөг, хяналт тавьдаг ЭТТ нэртэй аппликэйш нээсэн байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,7 сая хүн үнэт цаасны арилжааны данс нээж, бүртгэлээ идэвхжүүлсэн. Энэ нь нийт хувьцаа эзэмшигчдийн 70 орчим хувийг эзэлж байна. Ирэх 12 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

- Энэ удаад Баян-Өлгий аймгийн аль аль суманд ажиллах вэ?

- Энэ сарын 21-25-нд бүх сумаар явна гэж тооцоолж байна.

- Та дээр "Эрдэнэс-Тавантолгой" хувьцаат компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг ард түмэнд ямар хэлбэрээр хуваарилах тухай санал авна гэлээ. Энэ асуудлыг дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу?

- Сүүлийн хоёр жилд манай компани маш өндөр үр өгөөжтэй, ашигтай ажилласан. Ийнхүү компанийн үнэ цэн нэмэгдэх тусам ард иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ цэн ч өснө гэсэн үг. Өнгөрсөн жил манайх 807 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ жилийн хувьд оны эцэс хүртэл Монголд анх удаа нэг тэрбум доллар буюу 2,6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн компани болох гэж байна. Тийм учраас хувьцааны ногдол ашгийг юунд зарцуулахыг ард иргэдийн саналаар шийдвэрлэнэ. Засгийн газар иргэдийн саналыг үндэслэн  тогтоол гаргаж, харин манай компани уг шийдвэрийг хэрэгжүүлнэ.   

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн нийт хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14,5 хувийг ард иргэд, 0,5 хувийг компаниуд эзэмшиж байгаа. Одоо олон улсын зах зээлд ІРО гаргах үүрэг хүлээн бэлтгэл ажил идэвхтэй явж байна. Засгийн газраас өнгөрсөн долдугаар сард 296 дугаар тогтоол гарч, дараа оны эхний улиралд багтаан хувьцааг тараах чиглэл өгсөн байгаа. Аймгуудаар ажиллаад иргэдээ хувьцааны мэдээллээр хангасны дараа асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид оруулах болно.

- Иргэдэд хувьцааны ногдол ашиг тараах албан ёсны шийдвэр гарсан гэж ойлгож болох уу?

- Дээрх тогтоолоор 2020 оны эхний улиралд ногдол ашиг тараахыг ямар ч байсан чиглэл болгосон. Үүнтэй холбогдуулан манайх ІРО гаргахаар охин компани байгуулж, Зүүн цанхийн лицензийг шилжүүлэх ажлыг хийж байна. Одоо олон улсын зах зээлд гараад эхлэх юм бол хувьцаа тараах шатанд орно.

- Иргэдэд одоо эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулах эрх олгох уу?

- Компанийн нийт хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14,5 хувийг иргэд, 0,5 хувийг компаниуд эзэмшиж байна гэж дээр хэллээ. Компанийн тухай хуульд уг асуудлыг Засгийн газар болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан. Тийм учраас дээр гурван субъект санал нийлсэн тохиолдолд хувьцаа тараагдаж эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн онд Засгийн газар бүтээн байгуулалтын ажлуудаа санхүүжүүлнэ хэмээн шийдвэрлээд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байгаа.

- Засгийн газар 2016 онд "Сайн хувьцаа" нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тодорхой хувийг худалдаж авсан. Одоо ийм хувилбар яригдаж байна уу?

- Одоо тийм хувилбараар явахгүй. Брокер дилерийн компаниар дамжуулж иргэдийн саналыг авсны үндсэнд шийдвэр гаргана. Нээлттэй болж байгаа гэсэн үг.     

- Ярилцлага өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ