Аж үйлдвэржилтийн IV хувьсгалыг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-21 17:44:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөнгөн аж үйлдвэрийн салбарын түүхт 85 жилийн ой энэ жил тохиож байна. Тус салбарынхан өнөөгийн төлөв, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн “Хөнгөн аж үйлдвэрийн салбарын улсын зөвлөгөөн”-ийг өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа.


Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, дэд сайд Ж.Сауле тэргүүтэй хөнгөн үйлдвэрийн салбарын 1000 орчим төлөөлөгч оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  зөвлөгөөнд амжилт хүсэж илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Байгаль орчин хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа уншиж танилцуулав. 



Үйлдвэр-технологийн парк байгуулах, татварын бодлогоор дэмжих санаачилгыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтэд, "Хөнгөн үйлдвэр бол бодитоор хамгийн их ажлын байр бий болгодог салбар билээ. Уул уурхай ажиллах хүч дорвитой нэмэгдүүлэхгүй ч мөнгөн ашиг өндөртэй байж болно. Гэтэл тогтвортой байдал байхгүй, байнгын үнийн савлагаанд оршдог нь нийгмийн ач холбогдлыг бууруулдаг. Гэхдээ маш их боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Гагцхүү үүнд төрийн бодлого, дэмжлэг, залгамж чанар, хүний нөөц, чадавх, хариуцлага, зохион байгуулалт юу юунаас чухал гэдгийг өнгөрсөн түүх бидэнд харуулсан. Өнөөдөр манай улсын хувьд 85 жилийн хугацаанд аж үйлдвэр хөгжсөн гэж хэлэхэд чамлалттай санагдаж байна. Бидэнд босгосон, бүтээсэн зүйлс нэжгээд байсан, хүрсэн түвшин маань ч дориун байсан үе бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие тус салбарт ажиллаж байсан, зовлонг нь мэдэх хүний хувьд Хөнгөн үйлдвэрлэлийн салбар бүрээр үйлдвэр-технологийн парк байгуулах, татварын бодлогоор дэмжих аливаа санал санаачилгыг бүх талаар дэмжихийг хичээн ажиллаж байна.

Арьс ширний технологийн парк байгуулж, түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, кластер үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн ажил Дархан-Уул аймагт эхэлж, жишиг үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байгааг энэ ташрамд дуулгая.



Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох санал тус улсын Конгресст “Гуравдагч хөршийн худалдааны хууль” нэрээр хэлэлцэгдэж байгаа. Үүнээс гадна Европын холбоо, Япон гээд томоохон зах зээл рүү хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх эрх зүйн үндэс бүрдсэн. Гэвч бодит ажил болгоход Засгийн газар, төрийн агентлагуудын хүчин чармайлт чухлаар шаардагдаж байгааг сануулах байна. Бий болчихсон боломжийг бодит ажил болгох нь сэтгэл зүрх шаардахаас бус эрх ямба, нөхцөл боломж шаардлагагүй юм.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж нээгдсэн. Гэтэл ажил хариуцсан төрийн түшмэд санаачилгагүй, биеэ нөөсөн байдлаар ажиллаж байгаагаас худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах Чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдэхгүй хоёр жил боллоо.

Засгийн газраас, хөнгөн үйлдвэр хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ашиг, экспорт нэмэгдсэн, борлуулалт өссөн гэдэг үр дүнг л шаардах ёстойг энэхүү илгээлтээр уламжлан сануулж байна. Үйлдвэрлэгчид, ажилчид зүтгээд хөдөлмөрлөөд байх атал төрийн албан тушаалтнууд тэдний зүтгэлийг үр дүн болгох ажлыг огт хийхгүй байгаа нь улсынхаа хөгжлийн эсрэг, хүн ардынхаа сайн сайхны эсрэг хийж байгаа гэмт үйлдэл мөн. Хэрвээ хөнгөн үйлдвэрлэлийн экспорт өсөөгүй, борлуулалт нь нэмэгдээгүй, ахиухан хөрөнгө оруулалт хийгдээгүй бол чаддаг хүмүүст нь ажлаа шилжүүлэх механизмыг бий болгох хэрэгтэйг онцолъё. Та бүхэн бодитой шийдэл, гаргалгааг салбарынхаа удирдлагуудад өгч, шаардан ажиллах болно гэдэгт итгэж байна” гэжээ.



Аж үйлдвэржилтийн IV хувьсгалыг эхлүүлнэ

Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, цаашдын зорилт" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Монгол Улс жилдээ 20-25 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ. Тиймээс малын гаралтай түүхий эдийг аль болох бүрэн дүүрэн боловсруулах хүчин чадлыг бий болгоход Засгийн газраас бодлого барьж, анхаарч ажиллахаар төлөвлөж буйг тэрээр илтгэлдээ онцолсон. Тухайлбал, жилдээ 10 сая түүхий эд боловсруулах Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолборыг байгуулахаар 250 сая ам.долларын гэрээ хэлэлцээ байгуулсан, улсын төсөвт ч энэ үйлдвэртэй холбоотой хөрөнгө тусгагдсан байна. Мөн арьс ширний салбарт эргэлтийн хөрөнгийн зээлийг оновчтойгоор олгохоос гадна байгаль орчинд ээлтэй, шинэ технологид шилжүүлэх, малын түүхий эдийн чанарыг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Бодлогын хүрээнд, боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, аж үйлдвэржилтийн IV дүгээр хувьсгалыг эхлүүлэхээр зорьж буйг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан илтгэлдээ дурдсан юм.


Зөвлөгөөний үеэр, хөнгөн аж үйлдвэрийн салбарын зарим төлөөлөл энэ салбарт тулгамдаж буй зарим асуудлыг хөндөж байлаа. Тэд энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, татвараас хөнгөлөх бодлого барьж ажиллах шаардлагатай байгааг уламжлав. Мөн үйлдвэржилтийн технологийг сайжруулж, түүхий эдээ 100 хувь дотооддоо боловсруулж, экспортод гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.


Ч.Буянбаатар: Гадагшаа чиглэж буй ажиллах хүчний урсгалыг сааруулахад төрөөс бодлогын арга хэмжээ авах шаардлагатай


Хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллагсад сүүлийн үед эрс багасаж байгааг Монголын оёдлын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Буянбаатар ярьж байв. Тэрбээр, "Дотоодын зах зээл хумигдаж, энэ салбарт ажиллагсдын цалин хангамж сайжирсангүй. Гадаадад сарын хоёр мянган ам.доллар орчмын цалинтай ажиллах сонирхолтой болсон. Тиймээс гадагшаа чиглэж буй ажиллах хүчний урсгалыг сааруулахад Төрөөс бодлогын арга хэмжээ авах шаардлагатай. Ажил олгогчдын хувьд, тэдний цалинг нэмье гэсэн ч олон төрлийн татварын хэмжээ жил бүр нэмэгдсээр байна. Төрөөс шийдвэр гаргаж, ААН-ийн татварыг багасгах шаардлага бий" хэмээв.

Т.Баярсайхан: Арьс ширний салбарт эргэлтийн хөрөнгө олгосноор, ААН-үүдийн боловсруулалтын түвшинг ахиулж, технологио сайжруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх боломж гарна.

Харин арьс ширний салбарт эргэлтийн хөрөнгө олгож, түүхий эдийн чанарыг сайжруулах бодлого гаргаж, шийдвэрлэх шаардлагатай байгааг Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэллээ. Тэрбээр, "ААН-үүдийн хувьд хамгийн хүндрэлтэй асуудал нь эргэлтийн хөрөнгө байдаг. 2014 онд арьс ширний салбарт 90 гаруй тэрбум төгрөгийн бондын хөнгөлөлттэй зээлээр, тоног төхөөрөмжийнхөө 70 гаруй хувийг шинэчилсэн. Одоо хоёр дахь шатны эргэлтийн хөрөнгө олгосноор, ААН-үүдийн боловсруулалтын түвшинг ахиулж, технологио сайжруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх боломж гарна. Арьс ширний салбарын хүрээнд, түүхий эдийн чанар хангалтгүй байна. ХХААХҮЯ-наас сүүлийн хоёр жилд мал ариутгалыг шат дараатай, эрчимтэй хийсэн. Үүний үр дүн хоёр жилийн дараагаас мэдрэгдэнэ гэж үзэж байна. Нөгөө талаар, Махкомбинат зэрэг зөвхөн стандартын шаардлага хангасан цэгт нядалсан мал борлуулдаг болгож журамлавал, арьс ширний гэмтэл багасаж, түүхий эдийн чанар сайжирна. Бас нэг асуудал нь, импортын бараанаас татвар авдаг механизм Монгол Улсад байдаггүй. Тиймээс импортын татвараа төлөөгүй бол улсын орлого болгодог механизм бүрдүүлбэл, үндэсний үйлдвэрлэл хөгжих гаргалгаа бий" хэмээв. 


Манай улс бэлтгэсэн ноосныхоо ердөө 40 орчим хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгож, 60 гаруй хувийг нь түүхийгээр нь экспортолдог байна. Тиймээс бэлтгэсэн ноосоо 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахад төрөөс хөрөнгө оруулах шаардлагатай байгааг  Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ё.Энхтөр хөндлөө.  Түүнчлэн энэ салбар хөгжлийн тодорхой түвшинд хүртэл хөрөнгө оруулагчдын татварыг тэглэх хөгжингүй орнуудын туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэйг онцолж байв. 



Ташрамд дурдахад, Манай улс 1934 оны гуравдугаар сарын 26-нд Аж үйлдвэрийн комбинатыг ЗХУ-ын барилгын мэргэжилтэй ажилчид, ИТА нар улсын мэдэлд хүлээлгэн өгчээ. Монгол улсын Аж үйлдвэрийн тулгын чулуу болсон Монголын үндэсний үйлдвэрлэлийн анхны суурь ингэж тавигдсанаар хөнгөн аж үйлдвэрийн салбар хөгжсөн түүхтэй. Монгол Улсын Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт технологи ашиглах, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл эрхлэх, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэл болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, хөнгөн аж үйлдвэрийн салбарын техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор “Сав, баглаа боодол”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн цаашид хэрэгжүүлэхээр, салбарын хөгжлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Мэргэжилтэй ажилтан, Арьс шир зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж байна. 

Холбоотой мэдээ