Зам тээврийн ослын улмаас 10 хүний амь хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-21 14:00:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ өнгөрсөн амралтын өдрүүдэд 594 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 439 зөрчлийг шалгажээ.  Бүртгэсэн ослын улмаас нийслэлд 45 хүн бэртсэн бөгөөд нийслэлд найм, орон нутагт хоёр хүний амь хохирчээ. 


Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, бямба гарагийн 11.25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Ар гүнтийн замд “Дотоод хэргийн их сургууль”-ийн "Hyundai Aero town" загварын том оврын автобус онхолдож зорчигч нарын долоон хүний амь хохирч, 31 хүн бэртжээ. Мөн тухайн өдрийн 19.18 цагт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны зам, 1-р автобусны буудлын замд "Mazda Bongo" загварын автомашин явган зорчигч мөргөж амь насыг нь хохироосон байна.


Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг ТЦА-наас анхааруулж  байна.

Холбоотой мэдээ