Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн бүтээлүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-21 12:46:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Оны шилдэг дүрслэх урлагийн бүтээл 2019” үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлийг мэргэжлийн зөвлөл хоёр шатны шалгаруулалт хийж шигшсэн байна. Үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, монгол зураг, инстоляци, видео арт чиглэлийн нийт 180 орчим бүтээл ирснээс анхан шатны шалгаруулалтаар 50 гаруй бүтээлийг буцаажээ. Хоёр дахь шатанд 124 бүтээл шалгаран оролцсоноос 2019 оны  шилдэг бүтээлийг шалгаруулж, шагнал гардуулах  ёслол энэ сарын 18-нд Монголын уран зургийн галарейд боллоо.

“Оны шилдэг бүтээл 2019” үзэсгэлэнгээс улсын санд худалдан авахаар дараах бүтээлүүд шалгарсан байна. Үүнд:
- Аюурзаны Очирболд “Ухамсар” нэртэй ган цутгамал баримал /2017 он/
- Галсандоржийн Эрдэнэбилэг "МУЗА" уран зургийн бүтээл /2019 он/
- Бадамын Отгонтүвдэн “Авга ах” уран зургийн бүтээл /2019 он/
- Лувсандондогийн Гантөмөр “ЧОНОН ТУУЛЬ” уран баримал
- Б.Содномдаржаа “ТАВГАН ДЭЭРХ СОЁЛ” инстоляци




Мөн шилдэг бүтээлийн батламж гардуулах ёслолын үеэр уран бүтээлч Д.Булгантуяа, Н.Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын шагнал "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр, зураач Э.Энхноминг БСШУСЯ-ны "Жуух бичиг"-ээр тус тус шагнав.


Төрийн шагналт барималч Ц.Амгаланг "Таван нүдэн"-ийнхэн айргийн саваар шагнасан.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын уран зургийн галерей хамтран  2006 оноос жил бүр уламжлалт үзэсгэлэн гаргаж  шалгарсан бүтээлүүдээр Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгийг  баяжуулдаг. Монголын уран зургийн галерей орчин үеийн дүрслэх урлагийн он оны шилдэг бүтээлээс бүрдсэн нийт 4000 гаруй бүтээлийг хадгалж хамгаалан, үзэгч олонд толилуулсаар байна.



Холбоотой мэдээ