Улс, аймгийн аварга адуучид хоёр мянган адуун сүрэгтэйгээр оролцоно

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-20 12:11:33

Хэнтий /МОНЦАМЭ/ "Талын түмэн адуу" үйл ажиллагаанд улс, аймгийн аварга адуучид болон адуу сонирхогч залуус хоёр мянган адуун сүрэгтэйгээр оролцохоор болжээ. 


Энэ жилийн хувьд Монгол Улсын аймаг бүрээс шилдэг гэж тооцогдох 20 гаруй адуучдын дунд арав орчим сая төгрөгийн шагналын сантай "Шургуу-2019" тэмцээнийг нээлттэй зарласан аж. Мөн шилдэг уургачийг шалгаруулах ба Хэнтий аймгийн хурдны удмын санг тээгч, угшил сайт монгол гүүг шалгаруулах “Хэнтий аймгийн Шилмэл гүү” уралдааныг аймгийн хэмжээнд морь сонирхогч нартаа зориулан зохион байгуулахаар анх удаа хөтөлбөртөө шинээр тусгасан байна.

Түүнчлэн ӨМӨЗО-оос 50 гаруй адуучид үйл ажиллагаанд хуваагдан оролцох нь бас нэгэн онцлог болж байна. Энэ жилийн "Талын түмэн адуу" наадмаар:
● Сүлдэнд мөнхөрсөн хүлэг адууны тухай дуу дуулаачдын тэмцээн
● Зочин бүр өөрсдөө морь унаж болон бооцоо тавьж оролцох боломжтой "Торгон тар" богино зайн бооцоот уралдаан
● Зочдын дунд нээлттэй зохиох хамгийн олон адууны зүс нэг дор нэрлэх “Адууны зүс нэршлийн уралдаан, танилцуулга
● Халхын ганган залуусыг нэг дор харах боломжтой “Хос морьтон, хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа” тэмцээн
● Хүн бүрийн оролцох боломжтой “Эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээн”
● Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн
● Талын Тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
● Гэрэл зурагчдын дундах “Адууны хийморь” гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн
● Өвөл цагийн дээл хувцастай морь унасан бага насны 100 хүүхдэд бэлэг тарааж, урамшуулах “Удамт Монгол” хүүхдийн морьтон парад
● Монгол Улсын хошой тэргүүний соёлын төвөөс зочдод зориулсан Хүндэтгэлийн тоглолт, нийтийн бүжиг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

"Талын түмэн адуу" үйл ажиллагааг  түүхэн аялал жуулчлалын бүс нутаг гэж тодорхойлогдсон Хэнтий аймагт ирэх 11 дүгээр сарын 1-3-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 

Нэмэлт мэдээллийг munkhkhariltsaa@gmail.com 99089730,95149434 гэсэн утсаар лавлах боломжтой юм байна.

Холбоотой мэдээ