Яценюк 3 сая долларын хахууль авсан бололтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-13 12:42:15

КИЕВ. /ТАSS/. Гурван сая долларын хээл хахууль авсан гэх үндэслэлээр Украины Ерөнхий сайд Арсений Яценюкт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг тус улсын Ерөнхий Прокурорын газар нотолжээ. Энэ тухай “Ардын хяналт” хөдөлгөөний тэргүүн, Дээд Радагийн Авлигатай тэмцэх хорооны нарийн бичгийн дарга Дмитрий Добродомов мэдэгдсэн байна. Тэрбээр депутатуудын Украины Ерөнхий прокурорын газарт хандан гаргасан хүсэлтэд өгсөн хариуг танилцуулжээ.

Депутатууд, олон нийтийн байгууллагууд олон тооны гомдол гаргаж, анхааруулж байсан хэдий ч сайд нарын танхим “Радио нэвтрүүлэг, радио холбоо болон телевизийн концерн”-ы ерөнхий захирлаар тус концерны ерөнхий захирлын нэгдүгээр орлогч байсан Владимир Ищукийг 2015 оны долдугаар сард томилсон болохыг тэрбээр дурджээ. Владимир Ищукт өмнө нь хэд хэдэн удаа эрүүгийн хэрэг үүсгэж байсан байна.

“Харин одоо түүнийг энэ албан тушаалд ямар ч өрсөлдөөнгүйгээр санамсаргүйгээр томилоогүй гэх хардлага үндэслэлтэй байсан болохыг Ерөнхий прокурорын газар нотоллоо. 2015 оны 10 дугаар сарын 7-нд хууль бусаар ашиг олсон буюу дээрх концерны ерөнхий захирлаар Ищукийг томилохдоо 3 сая долларын хахууль авсан гэх үндэслэлээр Яценюкт эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж Добродомов ярьжээ.

Украины Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Юрий Севрукийн гарын үсэг бүхий Ерөнхий прокурорын газрын хариуд дурдсанаар, Яцюнекийг эрүүгийн хэрэгт сэжиглэж байгаа тухай өмнө нь хэнд ч мэдээлээгүй байна.

Украины Ерөнхий сайд Арсений Яценюк дөрөвдүгээр сарын 10-нд албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ