Өмгөөллийн тухай хуулийг батлав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-18 12:10:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийг батлав.


УИХ 2012 оны гуравдугаар сарын 7-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байна. Уг хуульд өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан тул 2002 оноос хэрэгжиж байсан Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон юм. Өмгөөллийн тухай хууль хэрэгжиж байхад улсын хэмжээнд 2500 орчим өмгөөлөгч ажиллаж байсан бөгөөд хуулийг хүчингүй болгосноос хойш 5000 болжээ. Үүнээс үүдэн өмгөөлөгчийн бие даасан, хараат бус байдал алдагдаж, мэргэжлийн ёс зүй, хариуцлага суларсан тул 7 бүлэг, 54 зүйлтэй шинэ хуулийг Засгийн газар боловсруулжээ. Хуулийн төслийг баталснаар өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг сэргээж, иргэний хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бүрэн хангах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаагаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулж байв. Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбоог дахин зохион байгуулж, шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүрэг баталгаажих юм. Хуулийг төслийг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлав.

Мөн чуулганаар Өмгөөллийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлав.

Холбоотой мэдээ