Хугацаат цэргийн алба хаагчид үүрэгт албаа нэр төртэй хаагаад ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-16 15:00:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн жинхэнэ албанд мордсон залуус үүрэгт албаа нэр төртэй хаагаад өнөөдөр нутагтаа ирлээ.

Зэвсэгт хүчний 339, 167 дугаар анги, Улаанбаатар цэргийн хүрээ, Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хаасан цэрэг дайчдыг аймгийн Цэргийн штабын бие бүрэлдэхүүн болон аав, ээж, ахан дүүс, найз нөхөд нь халуун дотноор угтан авсан юм. Цэргийн албанаасаа халагдан ирж буй цэргийн үүрэгтнүүдэд зориулж, ажлын байрны чиг баримжаа олгох, мэдээлэл өгөх, ажилд зуучлах арга хэмжээг аймгийн ХХҮГ-аас зохион байгууллаа.

2019 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 1-нээс эхлэн хоёр долоо хоногийн турш 10 сумыг хамруулан үргэлжилсэн. Энэ жилийн хувьд цэрэгт явах залуусын тоо харьцангүй бага байгааг Цэргийн штабын дарга, хурандаа М.Дэлгэрсайхан хэлж байлаа. Шалтгаан нь эрүүл мэндийн асуудал бөгөөд хүнд хүчир ажил хийсний улмаас бэртэл гэмтэл авсан залуучууд цэргийн алба хаах эрх, үүргээ алдсан байна. Цаашид өсвөр үе, залуучуудын эрүүл мэндэд онцгой анхаарахгүй бол ирээдүйд энэ улс орныг хэн манаж, хэн авч явах вэ гэдэг асуудал тулгамдана гэдгийг тэрээр хэлж байв.

Холбоотой мэдээ