Хагас мянган айл шинэ орон сууцанд орох батламж гардав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-10-15 15:03:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Намрын дунд сарын 17-ны дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр буюу өнөөдөр 580 айл шинэ орон сууцанд орох батламжаа гардлаа.

Дээрх айл нийслэл дэх “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэлд шалгаран хамрагдсан иргэдийн эхний хэсэг бөгөөд тэдэнд батламжийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын хөгжлийг хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, НОСК ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нарын албаны хүмүүс өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд гардуулав.


Энэ үеэр, шинэ орон сууцны батламж гардсан Ш.Пүрэвжавтай уулзсан юм.

-Та ямар ангиллаар бүртгүүлж батламжаа авав? Бүртгүүлэхэд ямар нэг хүндрэл чирэгдэл гарав уу?

-Би төрд 43 дэх жилдээ ажиллаж байна. Тиймээс төрийн албан хаагчийн ангилалд бүртгүүлэн өнөөдөр орон сууцанд орох батламжаа авч байгаадаа баярлаж сууна. Чирэгдэл гарсангүй, бичиг баримтаа бүрдүүлэн бүртгүүлээд шууд батламжаа авч байна. Бүртгэл шударга явагдлаа. Харин дээр үед ажиллаж байснаа нотлох бичиг баримтаа бүрдүүлэх гэж Улсын бүртгэл, архивын газраар нэлээн явсан. Би 1976 оноос Завхан аймагт туслах үйлдвэрт ажиллаж байгаад 2002 онд нийслэлд орж ирсэн юм. Нийслэлийн 243-р цэцэрлэгт харуул хийдэг.

-Ам бүл хэдүүлээ вэ? Батламжаа авахын өмнө түрээсийн төлбөр зэрэг юу юу шаардагдав?

-Манайх ам бүл 4-үүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань тэтгэвэрт, би тэтгэвэрт гарах хараахан болоогүй байгаа. Охин багш, хүү хувиараа ажиллаж байгаа учир бид түрээсийн төлбөрөө хамтдаа төлөөд, орон сууцаа өмчлөх санаатай байна. Манайд 49 ам.м, хоёр өрөө байр оногдсон. Батламжаа авахын өмнө биднээс орон сууцны 3 сарын түрээсийн мөнгө авсан. Үл хөдлөхийн даатгал хийлгэж орон сууцанд орох гэрээгээ байгуулсан.

Одоо манайх Чингэлтэй дүүргийн 7-р хороонд, гэр хороололдоо байгаа. Ингээд батламж түлхүүрээ аваад Буянт-Ухаад орон сууцанд орж байгаа тул Хан-Уул дүүрэгт харьяалагдах байх гэв.




Өнөөдрийн 580 айл орох гэж буй нийслэлийн Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууц нь орлогод нийцсэн, зорилтот 8 бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах хөтөлбөрийн нэг хэсэг юм гэдгийг НОСК ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар онцолж байв. Тэрээр Улаанбаатар хотыг тойрсон 10 байршилд 33 мянган айлын орон сууц барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд буйг дуулгалаа.


Дээрх тооны айлыг орон сууцжуулах санхүүжилтийн 50 хувийг шийдээд буйг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын хөгжлийг хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай өнөөдрийн батламж гардуулах ёслол дээр хэллээ. “Буянт-Ухаа”-д 972 айлынхаас гадна мөн 900 айлын орон сууцны барилгыг энэ хавар эхлүүлж одоо 50 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээлэв.






“Буянт-Ухаа-2” түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, мөн 30 хувийг 5 жил түрээслүүлээд өмчлүүлэх хэлбэрээр орон сууцжуулж байна. Үлдэх 40 хувьд газраа чөлөөлсөн иргэдийг оруулж байгаа юм. Энэ талаар НИТХ-аас баталсны дагуу Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам гарч, журмын дагуу НОСК ХК-иас цахим бүртгэл явуулснаар нийт 35.058 иргэн хамрагдсан юм.

“Баянт-Ухаа-2” хороололд дээр дурдсан зорилтот 8 бүлгийн буюу ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн найман бүлгийн иргэд хамрагдаж байгаа юм. 


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ